| | USD/MNT 0₮

Хориотой эм, тариа ашигласан үр шилжүүлэн суулгах төвийн удирдлага АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг дахин шалгуулна

Монголд үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн эмнэлгийн удирдлагыг хууль зөрчсөн үндэслэлээр өнгөрсөн нэгдүгээр сард цагдаагийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсэг шалгаж, заримд нь эрүүгийн хэрэг үүсгэсэн юм. Тухайн эмнэлгүүд үйлчлүүлэгчдэдээ өндөр үнэтэй үйлчилгээ, эм тариа борлуулдаг байсан агаад дээрх байгууллагуудын шалгалтаар тэдгээр нь Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгүүлээгүй, хэрэглэхийг хориглосон ч гэж хэлж болох эм, тариа, биологийн идэвхт бүтээгдэхүүн байсан нь илэрсэн билээ. Уг эм, бэлдмэлээ улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, ченжүүдээс худалдаж авдаг байж болзошгүй нь ч тогтоогдсон талаар бид өнгөрсөн нэгдүгээр сард дэлгэрэнгүй мэдээлж байсан.

Тухайн үед хууль сахиулах байгууллагад RMC буюу “Реженератив медикал центр”, Си эл даблью эйч, “Өөжин мед” эмнэлгийнхэн Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, эм, аминдэм, биологийн идэвхт бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгч нартаа борлуулж, санхүүгийн баримт бичиг хуурамчаар үйлддэг, тайвшруулах, нойрсуулах үйлчилгээтэй, Монгол Улсад бүртгэлгүй аминдэмүүдийг хадгалж, худалдаж байсныг илрүүлэн шалгасан байдаг. Түүгээр ч зогсохгүй тэдгээр эмнэлгээс Монгол Улсын эмийн бүртгэлд оруулаагүй “Прогинова”, “Прогестрон”, “Диферелин” зэрэг эм, ампултай тариа хураасан. Тэгвэл Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг, үр шилжүүлэн суулгах, үргүйдлийг эмчлэх чиглэлийн RMC эмнэлгийн үүсгэн байгуулагч, АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатартай холбоотой үйлдлийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлжээ. Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас RMC буюу “Реженератив медикал центр” оноосон нэр бүхий хуулийн этгээдийн удирдлагад Эрүүгийн хуулийн 20.14-4 дэх хэсэгт заасан “Эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийн хангамжийн үйл ажиллагаа эрхэлж байгаа хүн, малын эмчилгээнд хэрэглэхийг хориглосон, зөвшөөрөгдөөгүй, хугацаа дууссан эм, эмийн түүхий эд, биобэлдмэл, эмнэлгийн хэрэгслийг үйлдвэрлэх, импортлох, худалдах, түгээх гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн байна. Тус шүүхийн шүүгч Л.Галбадар энэ хэргийг хэлэлцээд нэмэлт ажиллагаа хийлгэхээр харьяалах Прокурорын газарт буцаах тогтоол гаргалаа.

Хориотой эм, тариа ашигласан үр шилжүүлэн суулгах төвийн удирдлага АШУҮИС-ийн захирал асан Г.Батбаатарыг дахин шалгуулна
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.