| | USD/MNT 0₮

ГИХГ-ын хоёр албан тушаалтны буруугаас гадаадын иргэний амь хохирсон гэв үү

Манай улсад амьдарч байгаад өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр нас барсан ОХУ-ын иргэний гэр бүлийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдад болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдад хандаж гомдол гаргажээ. Учир нь манай хууль сахиулах байгууллага, тэр дундаа Гадаадын иргэн харьяатын газрын алба хаагчдын хүний эрх зөрчсөн, албан тушаалаараа гадаадын иргэнийг далайлгасан үйлдэлтэй холбоотой гэнэ. ОХУ-ын иргэн амиа алдчихаад байхад таг чимээгүй өнгөрсөн учраас ЭСЯ-ныхан нь анхааралдаа авсан бөгөөд цаашдаа хоёр улсын харилцааны асуудал ч сөхөгдөж болзошгүй талаар гомдол гаргагчид үзэж буй аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тодруулахаар болсон гэх мэдээлэл ч байна.

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Гадаадын иргэн, харьяатын газар (ГИХГ)-ын хяналт шалгалтын улсын байцаагч Э.Энхзориг, Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнх нар хүний эрх зөрчиж, хуулийг заалтыг хэтрүүлсэн нь ийм гомдол гаргах үндэслэл болжээ. Амиа алдсан ОХУ-ын иргэн нь манай улсад түр оршин суух визийн хугацаагаа хэтрүүлсэн юм байна. Үүнд нь ГИХГ-ын Хяналт, шалгалтын газрынхан Зөрчлийн тухай хуулийн 16.2-3.3-т заасан “Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад визийн хугацааг хэтрүүлсэн бол хэтрүүлсэн хоног тутам арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан торгох шийтгэлийн дээд хэмжээ нь хоёр мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс хэтрэхгүй байна” гэж заасныг үндэслэн хоёр сая төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан аж. Гэвч тэрбээр уг шийтгэлийг төлөөгүй учраас дээрх хоёр албан тушаалтан нэг сар буюу 30 хоногийн хугацаагаар баривчлах шийдвэр гарган энэ оны зургадугаар сарын 20-нд ШШГЕГ-ын харьяа 409 дүгээр ангид хүргэжээ. Уг нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дахь хэсэгт “Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах” заалт бий бөгөөд түүнд нь хорьж саатуулах тухай заалт байхгүй юм. Тиймээс дээрх хоёр хууль сахиулагч албан тушаалаараа далайлган, Монгол Улсын хуулийг төдийлөн сайн мэдэхгүйг далимдуулан цагдан хорьсон байж болзошгүй нь. Уг нь түүнийг саатуулахын өмнө эрүүл мэндийн байдал муу, уушгиндаа хатгалгаатай байсан гэдгийг ар гэрийнхэн нь хэлж буй юм билээ.

Ингээд албадан саатуулж байтал дээрх хорих ангийнхан хуулийн дагуу ГИХГ-ын дээрх хоёр албан тушаалтан болон холбогдох удирдлага, албадан саатуулах тушаал гаргасан Хяналт шалгалтын газрын дарга Н.Баянмөнхөд хандан “Саатуулсан хүний эрүүл мэндийн байдал муу байгаа учраас ирж ав” хэмээн мэдэгдэж, долдугаар сарын 10-даар хүлээлгэн өгчээ. Түүнийг хүлээн авсан ГИХГ-ын ажилтнууд хотын төв рүү оруулж ирмэгцээ бичиг баримтыг нь ч өгөлгүй, “Гэр рүүгээ яв” гээд гудамжинд буулгаад орхисон тухай ар гэрийнхэн нь гомдолдоо дурдсан байгаа аж. Ямар ч бичиг баримтгүй хоцорсон ОХУ-ын иргэн энэ хооронд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байсан агаад Хан-Уул дүүрэг дэх түр оршин сууж байсан гэртээ очоод долоо хоногийн дараа нас барсан гэнэ. Уг нь хууль, журмаараа бол ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгөх ёстой атал ГИХГ-ын ажилтнууд гудамжинд орхисон нь хачирхалтай. Түүгээр ч зогсохгүй ар гэрийнхэн нь Хууль зүй, дотоод хэргийн сайдад гаргасан гомдолдоо “ГИХГ-ын дээр нэр дурдсан албан тушаалтнууд, тэр дундаа улсын байцаагч Э.Энзориг харилцааны доголдолтой, п.. гэх мэтээр элдвээр харааж, доромжилж байгаад тухайн иргэнийг саатуулахаар авч явсан” талаар дурдсан гэнэ.

ГИХГ-ын даргаар Н.Ууганбаяр томилогдоод удаагүй, энэ асуудлыг дуулаагүй ч байж магадгүй. Хууль сахиулах байгууллагын эрх мэдлээ хэтрүүлсэн албан тушаалтнуудтайгаа хариуцлага тооцож, цаашид хүний эрхийн мэдрэмжтэй, авлига, хээл хахуулиас ангид ажиллах мэргэшсэн алба хаагчдыг ажиллуулах талаар анхааралдаа авах нь зүйтэй болов уу. ГИХГ-ын газрын төв, орон нутгийн байцаагчидтай холбоотой хээл хахууль, үндэслэлгүй хөрөнгөжсөн нэг бус хэрэг олны анхааралд хүрч байсан. Монгол Улсын нүүр царай болж байдаг энэ байгууллагад цэвэрлэгээ хийх цаг ирснийг дээрх гадаадын иргэний амиа алдсан тохиолдол сануулж байгаа юм биш үү. Ер нь төрийн байгууллагад цаашдаа хүний эрхийн мэдрэмжтэй, гадаад, дотоодын, баян, ядуу гэж ялгалгүй хүний эрхийг дээдэлдэг алба хаагчдыг ажиллуулахыг чухалчлах цаг иржээ.  

Манай улсад амьдарч байгаад өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр нас барсан ОХУ-ын иргэний гэр бүлийнхэн Хууль зүй, дотоод хэргийн сайдад болон Монгол Улсад суугаа ОХУ-ын Элчин сайдад хандаж гомдол гаргажээ. Учир нь манай хууль сахиулах байгууллага, тэр дундаа Гадаадын иргэн харьяатын газрын алба хаагчдын хүний эрх зөрчсөн, албан тушаалаараа гадаадын иргэнийг далайлгасан үйлдэлтэй холбоотой гэнэ. ОХУ-ын иргэн амиа алдчихаад байхад таг чимээгүй өнгөрсөн учраас ЭСЯ-ныхан нь анхааралдаа авсан бөгөөд цаашдаа хоёр улсын харилцааны асуудал ч сөхөгдөж болзошгүй талаар гомдол гаргагчид үзэж буй аж. Үүнтэй холбоотойгоор ОХУ-аас манай улсад суугаа ЭСЯ-наас Хууль зүй, дотоод хэргийн сайдаас тодруулахаар болсон гэх мэдээлэл ч байна.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.