| | USD/MNT 0₮

Ц.Алдармаа:Уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз байдаг

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэсэн "Эхиймаа" уран сайхны кино бүтээжээ. Хамтлагийнхаа жүжигчин эмэгтэйтэй маргалдаж, буцлам халуун ус дээрээс нь асган гэмтэл учруулж  хорих ялаар шийтгүүлж байв. Тэрээр сошиал хуудаснаа ийнхүү бичжээ. 

"Би аавыгаа зовоосон өөдгүй охин. Ээж, аавынхаа харцанд нь гунигийн сүүдэр суулгаж таныхаа ч туулж үзээгүй хэцүү нэртийн хаалгыг татаж зүрхийг нь базлуулж нүдийг нь нулимсаар бүрхүүлсэн муу охин. "Амьдын хагацал гэж үхсэний хагацалаас ч хэцүү байдгын байна " гэж аав минь шагширч суусан гэдэг. Гэхдээ ааваа: Та минь байсан болохоороо л охин нь өндийсөн юм шүү. Таны минь бусдад тусалж, сайхан сэтгэлээр ханддаг байсны хүчээр охин нь өдий зэрэгтэй явна аа.

Ээжийгээ би зовоосон муу охин. Бүтэн нойрыг нь мартуулж дэр нойтон хонуулсан тэдгээр өдрүүдэд зүрхнийхээ эмэнд л найдаж охиныхоо төлөө "Би босох ёстой" гэж шүд зуусан бурхан минь та шүү дээ. Ээж минь та үрээ гээгүй бол охин нь өнөөдөр босох байсан гэж үү? Үгүй үгүй. Таныхаа сэтгэлээр, өргөсөн сүүгээр тань , аягалж тавьсан хоолоор тань би тэндээс дуудагдсан. Би дахиж таныгаа зовоохгүйг хичээнэ ээ. Амьдралд ам гарч болдоггүйг охин нь биеэр мэдсэн ч зөв хүнтэй нөхөрлөж зөв амьдрахын төлөө зүтгэнэ.

Би хүүгийнхээ зүрхийг бэтгэрүүлсэн муу ээж. Өвөөгийнхөө үгэнд орж хоолоо сайн идээд, эмээгийнхээ үгэнд орж эрт унтсан ч өглөө нь ирээгүй л байсан ижий нь. Өөдөсхөн хоёр гараараа алга хавсран залбирч "Ээжийг минь л миний дэргэд авчирвал өөр юу ч хүсэхгүй" гэж ухаанаа усалсан жаахан зүрх минь. Хүү минь чи наддаа амьд явах итгэл найдварыг өгсөн үнэт эрдэнэ минь шүү. Ээж нь чинийхээ төлөө л боссон бас тэмцсэн.  Үхье гэж бодоход үр минь даанч харам юм билээ.
Би хайртай дотныхоо олон олон хүсүүсээ зовоосон муу эмэгтэй. Сэтгэлээрээ зүтгэлээрээ хамт байж дэмнэж босгосон та нартаа би баярладаг. Өвдөг сөхөрч өндийх тэнхэлгүй болсон надад таяг минь болсон та хэд минь. Та нартаа би өртэй.

Залуу байхад дэлхий бага би том байж гэдэг шиг амьдралын олон өнгийг би гадарлаагүй явжээ. Тийм ээ, би заримдаа боддог. Хүнд чинь уулзаж болохгүй хүн, учирч болохгүй амраг, итгэж болохгүй найз гэж үнэхээр байдаг юм байна лээ. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш гэдгийг ойлгосоор л явна даа би.

Миний туулсан энэ алдааг мянга мянган эмэгтэйчүүд бүсгүйчүүд дүү нар минь битгий үзээсэй гэсэндээ өөрийнхөө бодит амьдралаас сэдэвлэж "Эхиймаа" уран сайхны киногоо хийсэн билээ" хэмээн бичжээ. 

Жүжигчин Ц.Алдармаа өөрийн амьдралаас сэдэвлэсэн "Эхиймаа" уран сайхны кино бүтээжээ. Хамтлагийнхаа жүжигчин эмэгтэйтэй маргалдаж, буцлам халуун ус дээрээс нь асган гэмтэл учруулж хорих ялаар шийтгүүлж байв.
Нийгэм

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.