| | USD/MNT 0₮
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ MN мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэрбээр “Монгол Улс аюултай хог хаягдал булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлэл хийж байна. Тэрбээр хэлэхдээ "Хог хаягдлыг шинж чанараар нь аюултай, энгийн, ахуйн хог хаягдал гэж ангилдаг бөгөөд хатуу, шингэн хийн төлөв байдлын аль ч хэлбэртэй байж болдог. Улаанбаатар хот болон бусад хот, суурин, хүн ам ихээр төвлөрсөн суурин газруудад байгаль орчны тэнцэлийг алдагдуулахад хүргэдэг шатах, тэсрэх, хордуулах, түлэх, халдварлах, эрчимтэй урвалжих шинж чанар бүхий бодисуудыг агуулсан аюултай хог хаягдал нь үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйгаас өдөр тутам үүсч хэмжээ нь жилээс жилд хэмжээ нь нэмэгдсээр зарим нь энгийн болон ахуйн хог хаягдалтай хамт байгальд шууд хаягдаж, булагдаж байна. Товчоор хэлбэл, Монгол Улс аюултай хог хаягдлын цэг болон хувирч байна.
Баримт 1: 2018 оны байдлаар УБ хотод 501 934 автомашин бүртгэлтэй байна. Жилд нэг удаа тос, шүүлтүүрээ, хоёр жилд нэг удаа аккумулятороо сольдог гэж тооцвол зөвхөн Улаанбаатар хотод ойролцоогоор 6000 тонн тос, 500,0 мянга гаруй фильтр, 300 мянга аккумулятор, 3000 гаруй тонн хүхрийн хүчил хаягдаж байна. Дээр нь хурдны хайрцагны тос, хөлддөггүй шингэн, тормосны шингэнийг нэмж үзвэл энэ хорт хаягдал олон дахин нэмэгдэнэ. Түүнчлэн авто засварын газрууд, сэлбэг хэрэгсэл задалж зардаг ААН-үүдийн бүртгэлгүй хэдэн арван тн хогийг тооллогонд оруулж чадахгүй байна. 2018 онд гаалиар нийтдээ 64039 суудлын автомашин, орж ирсэн. Нийт тээврийн хэрэгслийн 78 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай хуучин машинууд бөгөөд Солонгос, Японоос дийлэнхийг нь импортолдог.
Баримт 2: Тээврийн хэрэгслээс хаягдаж буй утаа тортогт агуулагдах хорт бодис зөвшөөрөгдөх хэмжээнээс хэт их байсаар байгааг шатахуун импортлогчдийн нийлүүлж буй бүтээгдэхүүний чанартай шууд холбоотой гэж үздэг. Жишээлбэл, ЖАЙКА-гаас өнгөрсөн жил бүтэн 10 сарын турш нийтийн тээврийн 24 ширхэг автобусанд фильтр тавьж тортог цуглуулахад нийтдээ 560 кг хорт хог хаягдал цуглуулсан ба үүнд хүхрийн агууламж маш өндөр гарсан. Иймд хүхэрт нэгдэлд тэсвэртэй керамик шүүлтүүрээс өөр төрлийн шүүлтүүр тэсэхгүйг ч уг судалгаагаар тогтоосон" гэв.
Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Б.Эрдэнэ “Монгол Улс аюултай хог хаягдал булшилдаг газар болох ёсгүй” сэдвээр мэдээлэл хийж байна.