Өнөөдрөөс эхэлж 1072 хувьцааны ногдол ашгийн мөнгийг иргэдийн данс руу шилжүүлнэ
Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг өнөөдрөөс иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн байна.
"Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв" компаниас мэдээлж буйгаар эхний ээлжид үнэт цаасны данстай иргэдийн арилжааны банкны дансыг нь тулган баталгаажуулсан 857,491 иргэний 1072 хувьцааны ногдол ашгийг өнөөдрөөс эхлэн иргэдийн данс руу шилжүүлэх юм.
1072 хувьцааны нэгж хувьцааг 90 төгрөг байхаар тооцсон. Үүнээс татварын хуулийн дагуу 10 хувийн татвар авч, иргэдийн гар дээр очих нэгж хувьцаа нь 81 төгрөг болох юм. Тодруулбал, иргэн та 1,072 хувьцаагаа огт ашиглаагүй бүгд байгаа бол 1,072*81=86,832 төгрөг таны дансанд орно.
ХУВЬЦААНЫ ДАНС НЭЭХ
1072 хувьцаагаа авахын тулд заавал үнэт цаасны данс нээлгэх ёстой. Учир нь тодорхой хугацааны дараа Эрдэнэс тавантолгойн хувьцаа хөрөнгийн бирж дээр албан ёсоор арилжагдаж эхэлсний дараа данстай хүмүүс энэ дансаараа дамжуулан хувьцааны ногдол ашгаа авах, зарах гэх мэт захиран зарцуулах эрхтэй болно.
Үүний тулд Монголын хөрөнгийн биржийн сайтад хандан бүртгэлтэй брокерийн компаниудаас сонгоно.
Сонгосон брокерийн компанидаа бичиг баримтаа авч очин дансаа нээлгэнэ. Брокерт хандан данс нээлгэснээр та хувьцаагаа өөрийн дансанд баталгаажуулсан гэсэн үг юм.
Эрдэнэс тавантолгой хувьцаат компанийн 1072 хувьцааны 2019 оны ногдол ашгийн мөнгийг өнөөдрөөс иргэдийн арилжааны банкны данс руу шилжүүлж эхэлсэн байна.