| | USD/MNT 0₮
Өнгөрсөн баасан гарагт хаалтаа хийсэн УИХ-ын ээлжит бус чуулганаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн болон Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан бол хоёр гишүүнийг нь үүрэгт ажлаас нь чөлөөлж, орны гишүүдийг нь томилсон билээ.
Тодруулбал, СЕХ-ны даргаар П.Дэлгэрнаранг томилсон бол Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Даваа-Очирыг томилов. Тэд өнөөдөр тангарагаа өргөж, албан тушаалаа хүлээн авч байна.
Тус хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдож байгаа ҮАБЗ-ийн дарга Д.Даваа-Очирын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын хүн гэх мэдээлэл бий. Учир нь одоогоос хоёр жилийн өмнө АТГ-ын даргаар томилох саналаа Ерөнхийлөгч УИХ-д хүргүүлж байсан ч удалгүй нэрийг нь татан авсан байдаг. Чухам яагаад нэрийг нь татсан эсэх нь тодорхойгүй ч цаанаа улс төрийн тохироо хийсэн байсан учраас АТГ-ын даргын томилгоо өөрчлөгдсөн юм.
Ийнхүү Ерөнхийлөгч хав дарсан хүнээ сая СЕХ-ны Нарийн бичгийн дарга болгосон нь удахгүй болох орон нутаг болоод Ерөнхийлөгчийн сонгуулийг угтсан сонин томилгоо ч байж мэднэ. Тиймээс орон нутгийн болон Ерөнхийлөгчийг сонгуулийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр удирдахаар боллоо гэсэн мэдээлэл нийтэд гарах болов.
СЕХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга болсон Д.Даваа-Очир гэж хэн бэ
Даваанямын Даваа-Очир нь 1963 онд төрсөн, нийслэлийн 14-р дунд сургуулийг төгсөж, ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийг Эрх зүйч, хуульч мэргэжлээр төгссөн. Мөн тус улсад Хууль зүйн ухааны доктор хамгаалжээ.
Тэрбээр 1981 оноос эхлэн улсад ажиллаж эхэлсэн бөгөөд 2009-2012 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар, 2012-2016 онд Төрийн албаны зөвлөлд Орон тооны гишүүн, 2017 оноос одоог хүртэл Монгол Улсын ҮАБЗ-ийн Ажлын албаны даргаар ажиллаж байсан аж.
АТГ-ын даргын сэнтийд заларч чадаагүй Д.Даваа-Очирыг СЕХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсонд улс төрийн тохироо бий хэмээн харж буй.