| | USD/MNT 0₮
Монгол Улсын Шадар сайд Улсын Онцгой комиссын дарга Я.Содбаатар Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, Нийгмийн бодлогын байнгын хороодын хамтарсан хуралдаанд оролцож КОВИД-19 халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар танилцууллаа.
Дэлхий нийтэд хурдацтайгаар тархаад буй КОВИД-19 халдварын цар тахлын эрсдэл өндөр байгаа бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахлын “хоёрдугаар давалгаа” гарч байгааг анхааруулж байгаатай холбогдуулан Улсын онцгой комисс КОВИД-19 халдварын тархалтыг дотооддоо алдахгүй байх, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдлыг хадгалах, гамшгаас хамгаалах бэлэн байдлыг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Манай улсад Өнөөдөр байдлаар халдвартын клиникт эмчлэгдэж буй 11 хүн байна. Үүнээс биеийн байдал хөнгөн 10, хүндэвтэр 1 хүн байна.
Улсын онцгой комиссын Шуурхай штаб байгуулагдсанаас хойш гадаад улсаас эх орондоо буцах хүсэлт бүхий 29759 өргөдөл ирүүлээд байгаагаас 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар 54 улсаас 14 мянга орчим иргэн эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсэн байна.
Улсын онцгой комиссоос зохион байгуулсан 61 удаагийн захиалгат нислэгээр 2,295, төмөр зам, авто замын хилийн боомтоор – 8,894, нийт 21,189 иргэнийг гадаадын 53 улсаас татан авч тусгаарлан ажиглах арга хэмжээг зохион байгуулаад байна.
Шадар сайд Я.Содбаатар "Цар тахал хэр удаан үргэлжлэхийг хэн ч мэдэхгүй. Ирэх оны эхний хагас хүртэл манай улсын хил, гаалийн асуудал хүндрэлтэй хэвээр үргэлжилнэ гэж төлөвлөж байна. Нөхцөл байдал хэрхэн өрнөхийг хэлж мэдэхгүй.
Гадаадад гацсан иргэдээ татах ажилд зориулсан хөрөнгө төсөвт суугаагүй. Мөн шууд төсвөөс маш бага мөнгө гарч байгаа. Дотоодын эрүүл мэндийн байгууллагын хүчин чадал, тусгаарлах байрны хүрэлцээ зэргээс шалтгаалан иргэдээ үе шаттайгаар татаж байгаа. Бид бүх иргэдээ татахыг хүсэж байгаа ч, эрсдэлийн үнэлгээг харгалзан үзэж, дотооддоо халдвар тараахгүйн тулд хичээх ёстой" гэв.