| | USD/MNT 0₮
Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын 2020 оны тавдугаар сарын 07-ны өдөр баталсан Монгол Улсын их хурлын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ.
Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 77,9 хувийн саналаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Улмаар тогтоолын төслийг баталлаа.
Өчигдөр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авахыг дэмжсэн билээ.
Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачлан боловсруулж зохих журмын дагуу Улсын Их Хурлаар хэлэлцүүлсэн бөгөөд төслөөс дэмжигдэн батлагдсан нэг заалт нь Үндсэн хуулийн Хорин зургадугаар зүйлийн 1 дэх хэсэгт орсон “хууль санаачлах …эрхийн хүрээ, хязгаарыг хуулиар тогтооно” гэсэн энэхүү нэмэлт, өөрчлөлт юм. Үүнийг Үндсэн хуульд оруулах болсон гол үзэл баримтлал нь эрүүгийн болон иргэний хууль, төсөв, татварын хууль зэрэг мэргэжлийн яамны боловсруулбал зохих хууль, тогтоомжийг Улсын Их Хурлын гишүүн, мөн түүнчлэн Ерөнхийлөгч санаачилдаг байдлыг болиулах, Үндсэн хуулийн дараа эрэмбэлэгдэх ач холбогдол бүхий хуулиудыг мэргэжлийн өндөр түвшинд хийдэл, зөрчилгүйгээр боловсруулан баталж, сайжруулдаг байх, хууль санаачлах эрхийн хүрээ, хязгаарыг дэлхийн улс орнуудын жишиг, өөрийн орны онцлог нөхцөлд нийцүүлэн хуулиар зөв тогтоох зэрэгт чиглэсэн болно. Гэтэл Улсын Их Хурал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Гучин гуравдугаар зүйлд заасан үндсэн бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачилна” хэмээсэн нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалд огт нийцэхгүй, Ерөнхийлөгчийг сонгох зарчим, журмыг өөрчлөөгүй тохиолдолд хэрэгжих ямар ч бололцоогүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн нийт ард түмнээс сонгогдсон, төрийн тэргүүн, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэгчийн хувьд улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар хууль, тогтоомжийн төсөл санаачлахыг хязгаарласан зохицуулалт болсон гэжээ.
Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн Гучингуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт хэсэгчлэн хориг тавьсан байсан юм.