| | USD/MNT 0₮

Хоёр настай охиныг сэглэж хазсан нохдын эзэд "Хариуцлага хүлээхгүй" хэмээн бууриа орхин нүүжээ

Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүд гэмтэж, бэртэх тохиолдол эрс нэмэгдсэн. Хамгийн энгийнээр хэлэхэд асран хамаагалагчийн хараа хяналтгүй байдлаас үүдэн бага насны хүүхэд гэмтэх тохиолдол их байдаг ч, хариуцлагагүй эздийн хайхрамжгүй үйлдлээс болоод хүүхдүүдийн гэмтэж бэртээд байгаад шалтгаан бий.

Ялангуяа гэр хорооллын айлуудын тэжээвэр нохойнууд уяанаасаа алдуурч хүн рүү дайрч хазах тохиолдол гарсаар байна

Зуны халуун цагт харгалзах хүнгүй, хариуцах эзэнгүй явж байгаа ноход хэн рүү ч дайрахад бэлэн байдаг ба хамгийн ойрын жишээ гэхэд өнгөрсөн долоодугаар сарын 28-ны өдөр нэг айлын хоёр нохой нийлж, хоёрхон настай бяцхан охиныг хазсан аймшигт хэрэг гарчээ.

Тодруулбал, Чингэлтэй дүүргийн иргэн А-ийн хоёр настай охин Н нохойд уруулж, биедээ олон тооны шарх авснаас гадна 10 гаруй оёдол тавиулсан байна. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины биедээ авсан шархыг хөнгөн гэж үзсэн учир хариуцагч нохойн эзэнд Зөрчлийн тухай хуулийн 5.19.1-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.

Зөрчлийн тухайн хуулийн 5.19 дүгээр зүйл буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах.

1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

Дундад ази үүлдрийн хоёр нохойноос гадна гудамжны ноход ч мөн дайрч байсан

Хэрэг болдог өдөр хоёр настай охин Н авга эгчтэйгээ хамт байсан ба эгчийгээ бие засахаар гарсан хойгуур араас нь гарахад хажуу айлын гэх хоёр нохой хашаанд орж ирж охин руу дайрчээ. Түүний эгч охины орилж байхыг сонсоод гарч ирэхэд дундад ази үүлдрийн хоёр нохойноос гадна гудамжны ноход нийлэн охиныг хазаж байсан ба салгахыг оролдсон ч нохдыг дийлээгүй байна. Тиймээс охины эгч хөрш айлын хүмүүстэй хамт нохойнуудыг хөөж дүүгээ ГССҮТ-д хүргэжээ.

Охиныг эмнэлэгт хүргэхэд хүзүү, цавь, зүүн дал, зүүн чих болон бөөрний орчимд 1,5-3,5 см-ын гүн шарх үүссэн гэх ба охинд яаралтай түргэн тусламж үзүүлж, галзуугийн шинжилгээнд хамруулан зарим газар нь оёдол тавьсан байна. Одоогоор охины биеийн байдал сайжирч, шарх нь бага багаар эдгэж байгаа хэдий ч сэтгэл санааны хувьд гүн хямралд өртөөд буйг ар гэрийнхэн нь хэлсэн юм.

Охиныг тухайн үед харж байсан авга эгч нь “Дүү маань их сэргэлэн цовоо охин. Харамсалтай нь сүүлийн үед нохойноос их айдаг болсон, бүр  гадаа ч гарч чадахгүй байгаа. Энэ нь сэтгэл санааны гүн хямрал юм болов уу гэж бодож байна. Дүүгийн маань зарим хэсэгт бохир орно гээд оёдол тавилгүй, борлуулж эдгээсэн. Гэтэл шарх нь өөхөөрөө эдгэсэн байгаа. Бас оёдол тавьсан хэсэг нь ч мөн тэгж эдгэрсэн” гэх мэдээллийг өгсөн юм.

Хэргийг прокурорт шилжүүлсэн учир тав хоногийн дараа тодорхой хариу гарна

Шүүх эмнэлэгээс охины гэмтлийн зэргийг хөнгөн гэж үзсэн учраас Чингэлтэй дүүргийн цагдаагийн газар уг хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлээд байсан юм. Тиймээс бид хэргийн талаар охины авга эгчээс тодруулахад “Бид өчигдрөөс эхлэн өмгөөлөгч авсан, одоогоор хэрэг нь прокурорт шилжсэн байгаа. Тиймээс тав хоногийн дараа хэргийг дахин шалгаж эхлэх үү, эсвэл хаах уу гэдэг нь шийдэгдэнэ” тиймээс тэр болтол хариу хэлж мэдэхгүй байна гэлээ.

“Миний нохой биш, би хариуцлага хүлээх үндэслэл байхгүй” гэсэн 

Зөрчлийн тухай хуулиар 100 мянган төгрөгөөр торгуулаад байсан нохдын эзэд ямар нэгэн хариуцлага хүлээхгүйн тулд  бууриа орхин хашаанаасаа нүүжээ.

Мөн тухайн газрын ойр орчмын хүмүүсийн мэдээллээр охиныг хазсан гэх хоёр нохой өмнө нь эзнийхээ дүүгийн хүүхдийг ч хазаж байсан гэнэ. Иймд тухайн нохдыг буудуулахаар дуудлага өгөхөд нэгийг нь буудсан бол нөгөөг нь буудуулахгүй гээд эзэд нь авч явсан гэнэ. Харин нохдын эзэн цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлгэндээ “Миний нохой биш, би хариуцлага хүлээх үндэслэл байхгүй” гэсэн ба охиныг эмнэлэгт байхад ганц удаа эргэж очжээ.

Гэмтлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй бол дахин дүгнэлт гаргуулах боломжтой

Харин энэ хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр  "Тухайн асуудал Зөрчлийн тухай хуулийн 5.19-д зааснаар шалгагдаж байна. Учир нь уг асуудалд гэмтлийн зэрэг шаардагддаг. Харин гэмтэл нь тогтоогдсон тохиолдолд Эрүүгийн хуулийн дагуу эрүүгийн хэрэг үүсгэн шалгах боломжтой. Хэрэв урьд нь гарсан гэмтлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бол хохирогчид дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах боломжтой байдаг" гэлээ.

Тухайн хэрэг Эрүүгийн хуулиар шийдэгдвэл доорх зүйлчлэлээр хариуцлага хүлээнэ.

Монгол Улсын “Эрүүгийн хууль”-ийн 20.15 дугаар зүйл буюу орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах,

1.Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хохирогч нас барсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

Охины шархыг хөнгөн гэж үзсэний улмаас тухайн нохдын эзэд 100 мянган төгрөгөөр торгуулсан. Хэрэв Шүүх эмнэлгийн дүгнэлт үнэн зөв гарсан бол энэ айлын эзэд гомдолтой байхгүй байсан нь лавтай.

 

Чингэлтэй дүүргийн иргэн А-ийн хоёр настай охин Н нохойд уруулж, биедээ олон тооны шарх авснаас гадна 10 гаруй оёдол тавиулсан байна. Гэтэл шүүх эмнэлгийн дүгнэлтээр охины биедээ авсан шархыг хөнгөн гэж үзсэн учир хариуцагч нохойн эзэнд Зөрчлийн тухай хуулийн 5.19.1-д заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авчээ.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.