| | USD/MNT 0₮
Сонгуулийн өмнө амьдрал сайхан байв. Өнгөрсөн дөрвөн жил биднийгээ тоож ч хараагүй дарга, томчуул маань чухам л биднийхээ өмнө ажиллаж, амьдарна, эгээтэй л биднийгээ үүрээд гүйнэ гэчихээгүй. Ард иргэд ч тэдэнд итгэн, сонголтоо хийсэн. Гэтэл сонгуулийн дараа бидний амьдрал өөрчлөгдсөнгүй. Зам дээр “өнжиж, түгжирдгээрээ түгжирч, стресстсээр л явна.
Тэгвэл сонгуулийн өмнө чухам л тэнгэрээр нисгэнэ гээд байсан дүүжин тээвэр хаачив аа, Б.Отгонсүх дарга аа.
“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилго бүхий АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ 2020 оны зургадугаар сард гэхэд ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив.
“Cable car” буюу дүүжин тээвэр төсөл хэрэгжсэнээр одоогийн нийтийн тээврийн үйлчилгээг авах боломжгүй гэр хорооллын алслагдсан оршин суугчдыг богино хугацаанд ая тухтай тээвэрлэх боломж бүрдэнэ. Тухайлбал, Баянхошуунаас-Ард Аюушийн өргөн чөлөө хүртэл 16 минут зарцуулснаар иргэдийн зорчих хугацааг дөрөв дахин багасгах бол 7 буудлаас хотын төв рүү зорчих хугацааг тав дахин багасгаж, 14 минутад тус тус зорчих боломжийг бүрдүүлэхээр төсөл санаачлагчид дурдаж байсан. Цагт 3000 зорчигч тээвэрлэх хүчин чадалтай гэх.
Хотын дарга С.Амарсайхан энэ оны зургадугаар сар гэхэд эхний чиглэлийг явуулж эхэлнэ гэсэн амлалт өгсөн юм. Гэтэл нийслэлээс УИХ руу шилжсэн эрхэм гишүүнд одоо хотын зам түгжрэх үү байх уу огт хамаагүй асуудал болон хувирчээ.
Тэгвэл одоо энэхүү амлалтыг хариуцлагыг хэн үүрэх вэ? Үеийн үед л бид улс төрийн намуудын, эрх барьж буй эрхмүүдийн уран сайхан амлалтуудын золиос болсоор ирсэн. Хэрэв тэд амлалтдаа хүрдэг байсан бол Улаанбаатар хот 2017 онд метротой, 2019 онд тусгай замын автобус /BRT/-тай, 2020 онд агаараар “дүүлдэг” дүүжин тээвэртэй байх байсан. Одоо эдний аль нь ч алга.
Өнөөдөр нийслэл хотынхны нэн тулгамдсан асуудал болох авто замын түгжрэл нэг талаараа сонгуулийн өмнөх маш том пи ар. Асуудлыг шийдвэрлэх “гоё” санаа олчихвол танилцуулж, түгжрэлд амьдарч буй иргэдийн элгийг дэвтээдэг нь бүр ёс юм шиг болж. Агаарын дүүжин тээврийн ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сард эхлүүлж, зургадугаар сард эхний маршрутыг бэлэн болгоно хэмээн холбогдох албаныхан амлаж байсан нь саяхан. Тэгвэл одоо үүний хариуцлагыг дүүжин тээврийг мөрөөдөл биш хэмээн тунхаглаж байсан Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүхээс нэхэх нь зүйтэй.
“Нийслэлийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл”-д тусгасны дагуу Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах, нийтийн тээврийн салбарыг хөгжүүлэх олон төрөлт шинэ нийтийн тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх зорилго бүхий АГААРЫН ДҮҮЖИН ТЭЭВРИЙГ 2020 оны зургадугаар сард гэхэд ашиглалтад оруулна гэсэн амлалт хаачив.