| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.
УИХ-ын гишүүн С.Чинзориг: Боловсролын сайдаас асууя. Сонгуулийн өмнө буюу өмнөх Засгийн газрын үед 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын төлбөрийг нэмэхгүй байх, төрийн өмчит их, дээд сургуулиуд сургалтын төлбөрөө улирлаар эсвэл хагас жилээр нь хувааж авах боломжийг бүрдүүлнэ хэмээн шийдвэрлэсэн. Гэтэл энэ удаагийн парламентад сонгогдсон гишүүдэд иргэдээс сургалтын төлбөр нэмэгдсэнтэй холбоотой гомдол их ирж байна. Тухайлбал, АШУҮИС-ийн нэгдүгээр курсын хичээлийн нэг кредитийн төлбөр 87 мянгаас 100 мянган төгрөг болж, нийт төлбөр 4 сая төгрөгт хүрэх жишээний. Энэ асуудал дээр яамнаас ямар бодлого баримталж байгаа вэ? Сургалтын төлбөр нэмэгдүүлэхгүй байх боломж байна уу?
Үүнээс гадна төлбөрөө 100 хувь төлөх шаардлага тавьж байгаа юм билээ. Үүнийг шийдвэрлэж өгнө үү.
А.Ариунзаяа сайдаас асууя. УИХ-аас малчид болоод хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн НДШ-ийг нөхөн төлөх хууль баталсан. Миний баримжаагаар 80 мянга орчим иргэн энэхүү хуулийн дагуу НДШ-ээ нөхөн төлөх тооцоололтойгоор 2020 оны төсөв батлагдсан. Гэтэл одоогийн нөхцөл байдалд ковид-19-өөс шалтгаалаад малчид, бизнес эрхлэгчид орлогогүй болсон тул хуулийн хэрэгжилт маш хангалтгүй байна. Надад ирсэн мэдээллээр 5000 иргэн л НДШ-ээ нөхөн төлсөн байна. Иймд уг хуулийн хэрэгжих хугацааг дахин нэг жилээр сунгах шаардлагатай байна.
ХНХ-ын сайд А.Ариунзаяа: Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд 2020 онд 88 мянга орчим иргэн хамрагдана гэсэн судалгаа гарсан. Ковид-19-ийн улмаас 2020 оны эхний таван сарын байдлаар 2911 малчин нөхөн төлөлтөд хамрагдсан. Ингэснээр 4.6 тэрбум төгрөг төлсөн байгаа нь хүлээгдэж байсан гүйцэтгэлээс 90,9 тэрбум төгрөгөөр буурах төлөвтэй байна. С.Чинзориг гишүүний хэлснээр уг хуулийн үйлчлэх хугацааг нэг жилээр сунгах нь зүйтэй гэж үзэж байна.
БШУ-ы сайд Л.Цэдэвсүрэн: 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэгдүүлэхгүй байх чиглэл өгсөн. 2-4 дүгээр курсын оюутнуудын төлбөрт өөрчлөлт ороогүй. Нэгдүгээр курсын хувьд нэн хэрэгцээтэй мэргэжлүүд дээр хөтөлбөрийнх нь кредит цаг нэмэгдсэн байгаа. Түүнчлэн сургалтын төлбөрөө авахдаа уян хатан хандаж, нэг удаадаа 50 эсвэл 100 хувь авахыг хориглосон байгаа.
УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, үг хэлж байна.