| | USD/MNT 0₮

Ж.Ганбаатар: Урсгал зардлаа 50 хувь бууруулах хэрэгтэй

УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан 2020 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: 2016 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоны дараахан төсвийн тодотголын талаар хэлэлцэж байсан. Бид урсгал зардлын талаар огт ярьдаггүй. Бусад улсуудын төсөв тодотголыг харахад урсгал зардлаа 50 хувиар бууруулж байна. Энэ нь төсвийн үрэлгэн байдлыг хумиж байна гэж хэлж болно.

Мөн гишүүдийн ярьж байгаа хөрөнгө оруулалтын зардал гээд байгаа зүйлийг ингэж нэрлэмээргүй санагдаж байна. Учир нь 2020 оны хөрөнгө оруулалтын зардлыг 2 их наяд гэж баталсан. Гэтэл энэ зардлаар сургууль, цэцэрлэг эсвэл усан бассейн барьдаг. Энэ нь эргээд хөрөнгийн эх үүсвэр болдоггүй. Угтаа бол хөрөнгө оруулалт гэдэг нь гаргаад буцааж оруулж ирдэг, төсвөө арвижуулдаг зүйлийг хэлдэг гэж би ойлгодог. Гэтэл энэ бол хөрөнгө оруулалт биш юм, үүнийг өөр нэршлээр нэрлэх нь зөв болов уу.

Сая Ц.Мөнх-Оргил гишүүн “Зураг төсөл нь явахгүй байгаа бол хасч байна” гэж хэллээ. Угтаа бол зураг төсөл нь явсангүй гэх утгаар биш  нэг байгууллага алийг нь түрүүлж явуулах, алийг нь сүүлд нь явуулах вэ гэж эрэмбэлэх хэрэгтэй.

-Төсвийн алдагдлыг нөхөхийн тулд 1,4 их наяд төгрөгийн үнэт цаас гаргана гэсэн. Түүнийг хэнд зарах вэ?  Мөн ханш хэдээр авсан бэ?

-Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “3,8 их наяд төгрөгөөс нэлээдгүй нь гадны зээл тусламжаар санхүүжих эх үүсвэртэй алдагдал байгаа. Бид 1,2 их наяд төгрөгийн үнэт цаас гаргахаар тооцсон. Өнөөдрийг хүртэл би үнэт цаасыг тэр байгууллагад зарна, тэр банкинд зарна гэж яриагүй. Харин блокчейний платформ дээр үндэслэсэн засгийн газрын үнэт цаасыг олон нийтэд санал болгоно гэж би жил гарангийн хугацаанд ярьж байна. Бүх платформуудыг бэлдчихсэн, тохиромжтой цаг үеэ хүлээж байна.

Учир нь хэт эрт гаргаж авбал хүү төлдөг, хэт хоцорвол хүү өсөх гээд байдаг магадлалтай учир цаг үеэ болон зах зээлээ зөв мэдэрч гаргах учиртай. Тиймээс бид блокчейнээр дамжуулсан платформоор үнэт цаасаа гаргаж зарна. Энэ нь иргэд, ААН бүгдэд нь нээлттэй систем юм.

Ханшийн хувьд гэвэл бид сүүлийн гурван жилийн хугацаанд тухайн үеийн төсөв боловсруулсан өдрийнхөө ханшаар тооцож оруулдаг системийг баримталж ажиллаж байгаа. Одоо бол ханш 3-5 хувь дотор л хэлбэлзэж байна. Энэ нь хэвийн хэлбэлзэл гэж дэлхийн улс орнууд үздэг.

Улсын төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалтыг олон улсын аргачлалаар Капитал инвест гэж нэрлэдэг. Тиймээс бид олон улсад хэрэглэдэг нэр томьёогоороо явж байгаа. Мөн төсвөөс хийгдэж байгаа хөрөнгө оруулалт болгон дээр мөнгө тооцож болдоггүй. Яахын аргагүй сургууль цэцэрлэг барих хэрэгтэй. Ирээдүй хойчоо сургахад хөрөнгө оруулах ёстой. Гэвч энэ нь зөвхөн зардал гарч байдаг ч улсын төсвөөс хийхээс өөр арга байхгүй.

Урсгал зардлыг бид нэлээдгүй бууруулсан. Төсвийн байгууллагуудын урсгал зардлыг 118 тэрбум төгрөгөөр танасан. Харин үүн дээр өсч орж ирээд байгаа зардлууд нь юу вэ гэвэл хүүхдийн мөнгө, халамж, тэтгэвэрийн мөнгө, хүнсний талон, онцгой нөхцөл байдалд ажиллаж буй хүмүүст олгож байгаа зардлуудыг нэмж байгаа. Үүнийг онцолж хэлмээр байна”

 -Ашиггүй төрийн өмчит компаниудыг хувьчлах шаардлагатай юу? Мөн хийх ажлуудыг жагсаадаг, яагаад түрүүлж хийх хэрэгтэй вэ гэдгээ тайлбарладаг бодлого хэрэгтэй байна.   

-Төрийн өмчит ААН-үүдийг хувьчилах нь зөв үү. Хүчтэй хувийн хэвшилтэй байж улс орон хөгжинө. Ингэснээр ажлын байрууд бий болгоно, мөн энд тэнд бий болсон нөөц хөрөнгүүдийг хамгийн оновчтой хэлбэрээр зарцуулагдана. Ийм учраас хүчтэй хувийн хэвшилтэй байх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Ямар төслүүдийг эрэмбэлж явуулах хэрэгтэй вэ гэдгийг Засгийн газар хариуцдаг. Засгийн газраас төслүүдээ хэрхэн шат дараатайгаар нь хэрэгжүүлэх вэ гэж эрэмбэлдэг.

Т.Алтанзагас

УИХ-ын чуулганаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан 2020 оны төсвийн тодотголын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байгаа юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.