| | USD/MNT 0₮

Д.Ангар:Иргэдэд хүлээлт үүсгээд байгаа хувьцааны ногдол ашгийг даруй өгөх хэрэгтэй

ЭТТ 1072 хувьцааны ногдол ашгийг ибаримтын данс болон халамжийн дансаар олгох нь зөв эсэх мөн зээлийн хүүг хэдэн хувь хүртэл бууруулах боломжтой талаар эдийн засагч Д.Ангартай ярилцлаа.

-Өнгөрсөн долоон хоногт Санхүүгийн зохицуулах хорооноос ЭТТ 1072 хувьцааны ногдол ашгийг Ибаримтын данс болон халамжийн олгох бэлтгэл ажил хангагдаж байна гэсэн. Энэ нь хөрөнгийн зах зээл дээр ямар нөлөөтэй байдаг юм бэ?

-Нийгэмд энэ хувьцааны талаарх ойлголт зөв явахгүй байна. Төр маань өөрөө тодорхой болгох ёстой. Энэ хувьцаа иргэдээ өмчтэй болгож байгаа юмуу, эсвэл халамжийн хөтөлбөр юмуу. Ногдол ашгийг нь хувиарлана гэхээр халамжийн хөтөлбөрөөс ялгагдах юм алга. Харин 1072 хувьцаа бол иргэний эзэмшиж байгаа өмч гэж үзэх юм бол тухайн хувьцаа байгаа хувьцаат компаниасаа авч зарах.

Тэгэхээр төр энэ хувьцааг халамжийн хөтөлбөр үү, эсвэл иргэдээ хувьцаатай болгож байгаа хөтөлбөр үү гэдгээ эцэслэх хэрэгтэй байна. Миний зүгээс энэ хувьцааны мөнгө аль нэг дансаар нь явах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэх боломж байхгүй. Яагаад гэхээр суурь асуудал нь тодорхой бус байна.

Засгийн газраас нэг бол халамжийн хөтөлбөр, нөгөө бол иргэдэд бодитоор нь хувьцаа эзэмшүүлж байгаа гэдгээ зарлах ёстой.

-1072 хувьцааг халамжийн дансаар явуулахаар үнэт цаасыг эргэлтэд оруулах зарчим алдагдах уу?

-Алдагдана. Тийм учраас би тодорхой хэлж байна. Халамжийн хөтөлбөр бол үнэт цаасны данс хэрэггүй. Жил болгон өгөх ёстой мөнгийг нь банкны дансаар нь өгөөд явж болно. Үнэхээр ЭТТ гэх нээлттэй хувьцаат компанийн хувьцаа эзэмшигч болгож байна гэх юм бол үнэт цаасаар явахаас өөр арга байхгүй. Ингэж байж иргэд маань хоёр дахь зах зээлийн арилжаанд оролцоно.

Хэрвээ Засгийн газар нь энэ хувьцааг халамжийн хөтөлбөр гээд зарлачихвал иргэд заавал брокер дилерийн компани руу явж 5000 төгрөгөөр данс нээлгэх ямар ч шаардлага байхгүй.

Жил болгон банкны дансаараа иргэд мөнгөө аваад явж байж болно. Эхний асуудлаа төр маань цэгцэлж зарлаагүй учраас би өнөөдөр энэ хувьцааг халамжийн дансаар авна, авахгүй гэж ярих боломжгүй. Суурь асуудал нь түүхий тодорхой бус байна. Одоогийн зах зээлээр бол энэ хувьцаа чинь амьгүй, бусдад шилжүүлэх боломжгүй, үр хүүхдэдээ өвлүүлэх боломжгүй хувьцаа яваад байгаа юм.

-Яг эдийн засагч хүний хувьд энэ мөнгийг иргэдэд өгөх нь зөв гэж бодож байна уу?

-Гэхдээ миний зүгээс илэрхийлэх байр суурь гэвэл төр засгаас иргэд 100 мянган төгрөг өгнө гэж амалсан бол өгөх ёстой. Энэ мөнгөө хүлээж байгаа иргэд олон байна. Сонгуулийн өмнө өгнө гэж амалсан. Гэтэл долоо, наймдугаар сар дууслаа төр засаг амалсан амлалтаа биелүүлэхгүй байгаад харамсалтай. Ямар ч байсан иргэдэд хүлээлт үүсгээд байгаа 90 гаруй мянган төгрөгийг өгөх ёстой гэж бодож байна.

-Яг энэ мөнгийг өгөх болохоор иргэдийн буруу болж хувираад байх шиг?

-Иргэдэд бурууг нялзааж болохгүй юм. Иргэд дансаа нээлгээгүй учраас өгөхгүй байгаа юм шиг яриад байгаа. Гэвч шийдлийг нь төр засаг олох ёстой.

-Иргэдийн хувьд хөрөнгийн зах зээлийн талаарх боловсрол нимгэн байна уу даа. Уг нь хөрөнгийн зах зээл шилжээд 30 гаруй жил болсон байна?

-Хөрөнгийн зах зээлийн талаарх ойлголт олон нийтэд байхгүй. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой хоёр үйл ажиллагаа явсны эхнийх нь ягаан цэнхэр тасалбар, удаах нь энэ 1072 хувьцаа байна. Гэвч аль алиных нь учир шалтгааныг иргэд ойлгоогүй.

Өнөөдөр ягаан цэнхэр тасалбараа барьчихсан яваа ч ямар хувьцаатай эсэхээ ч мэдэхгүй байна. Яагаад гэхээр төр нь энэ тал дээр санхүүгийн боловсролыг орхигдуулсан. Хоёр удаа ойлгомжгүй хувьцаа өгсөн. Иргэд бодохдоо ямар ч байсан төрөөс мөнгө өгөх юм байна гэж ойлгоод байдаг. Энэ мөнгө бол төрөөс өгч байгаа хүүхдийн болон тэтгэвэр тэтгэмжийн мөнгө биш. Хувьцаа, хувьцаат компанийн талаар иргэдийг мэдлэгтэй болгохын тулд санхүүгийн боловсрол олгох хэрэгтэй байна.

 

 

 

Засгийн газраас нэг бол халамжийн хөтөлбөр, нөгөө бол иргэдэд бодитоор нь хувьцаа эзэмшүүлж байгаа гэдгээ зарлах ёстой.
Эдийн засаг

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.