| | USD/MNT 0₮

Д.Сарангэрэл:Ирээдүй хойч үедээ ногоон ой, цэнхэр усыг нь үлдээхийн төлөө хичээнэ

-Хамтын оролцоотой тогтвортой ойн менежментийн төслийн хаалт боллоо-

Байгаль Орчин Аялал жуулчлалын яам болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага хамтран “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төслийг амжилттай хэрэгжүүлж дууслаа.
Өнгөрсөн 2015 оноос Сэлэнгэ, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн ойн санг гэрээгээр эзэмшдэг нийт 101 нөхөрлөл, сум дундын 11 ойн ангитай хамтран ажиллаж, ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах чиглэлээр дэмжлэг үзүүлэн ажиллаж ирсэн.

Төсөлд хамрагдсан дээрх аймгийн нөхөрлөлүүд тус таван аймгийн нутагт экологийн чухал дөрвөн бүс, усны эх бүрэлдэх 10 голын сав газар нутгийн хэмжээнд нийт долоон хувийг хариуцан хамгаалдаг. Бүр тодорхой хэлбэл, Монгол орны хөхтний ангийн 55 зүйл, жигүүртний ангийн 250-иад зүйл, мөлхөгч, хоёр нутагтны ангийн 10 зүйл энэ бүсэд багтаж байна.

Цаашлаад загасны ангийн 40-өөд зүйл, шавжийн ангийн 34 багийн 2,000 орчим зүйл, дээд буюу гуурст ургамлын ховордсон 100-гаад ургамлын зүйлийн 60 орчим нь энэхүү 101 нөхөрлөлийн хамгаалалтад байна.

Ингээд Биндэр суманд ажилласны дараа түүхийн аялал жуулчлалын гол бүс нутгийн нэг Хэнтий аймгийн Биндэр суманд хэрэгжсэн уг төслийн үйл ажиллагаанд өнгөрсөн долоо хоногт  БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл, НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра, Европын холбооны хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас болон холбогдох бусад албаны хүмүүс оролцлоо.
Түүнчлэн нутгийн иргэд буюу нөхөрлөлийн багийнхан төслийн хүрээнд сурч мэдсэн зүйлсээрээ үзэсгэлэн гаргаж олонд дэлгэсэн байв.

Тухайн сум өрх бүр жимс ногооны аж ахуйтай болцгооё уриатайгаар жимс, ногоо тариалах, үндэсний гутал, хувцасаа хийхээс эхлээд гар урлалын бүтээгдэхүүн хийж, өрхийн үйлдвэрлэлээ хөгжүүлж, иргэд нь орлоготой байгаа талаараа мэдсэн сурснаа салбарын сайдад танилцуулав.

Мөн Биндэр сумын ойн нөхөн сэргээлт, мод үрсэлгээ арчилгааны газартай танилцсан.

Ингээд Биндэр сумаас үргэлжлүүлэн сайд Д.Сарангэрэл Их мянганы суут хүн болох Их эзэн Чингис хааны төрж өссөн нутаг болох Дадал суманд ажиллаж Онон Балжийн Дархан цаазат газар болон Тогтвортой аялал жуулчлалын төслийн хэрэгжилтийн явцтай танилцаж, санал бодлыг нь сонсож, тулгамдаж байгаа асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө хэлсэн юм.

Төслийн хүрээнд Ойн нөхөрлөлүүдийн үйл ажиллагааг дэмжих, тэдний чадавх, чадамжийг сайжруулах, ойн аж ахуйн зарим арга хэмжээг хэрхэн хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, арга зүйн зөвлөгөө дэмжлэг үзүүлэв.  

Ойгоо арчилж хамгаалах чиглэлээр чадавхжиж  байна

Дадал сумын Баянцагаан нөхөрлөлийн ахлагч Д.Нэргүй “2006 онд байгаль орчноо хамгаалах хүсэл эрмэлзэлтэй иргэд нэгдээд нөхөрлөл байгуулж эхэлсэн. Эхэн үедээ нөхөрлөлүүд хэрхэн ажиллах ёстой талаар хууль эрх зүйн мэдлэггүй байсан учраас 2010 оноос Дэлхийн байгаль хамгаалах сангийн сургалтуудад хамрагдсан.

Ингээд 2015 оноос өөрсдийн дүрэм журамтайгаар үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бөгөөд НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагатай таван жилийн турш хамтран ажиллаж, гишүүдээ мэргэшүүлэх сургалтуудад хамруулсан юм. Нөхөрлөлүүд мэргэжлийн хөрөөчин, биологич, санхүүгийн мэргэжилтэнтэй болоод зогсохгүй ховор болон эмийн ургамлыг таньж мэдэх, хортон шавжтай хэрхэн тэмцэх сургалтуудад хамрагдсан. Мөн ойн дагалдах баялагаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх, гар урлалын сургалтад хамрагдаад байгаа. Ойгоо арчилж хамгаалах чиглэлээр чадавхжихаас гадна дагалдах баялгийг ашиглан амжиргаагаа дээшлүүлж байна” хэмээв.

Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглана

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Ой болон бусад эмзэг экосистемийг тогтвортой удирдаж, нөөцийг зөв ашиглах нь  уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх болон өнөө болон ирээдүй хойч үеийн хөгжлийг зөв чиглүүлэх үндэс мөн. Түүнчлэн ой нь ядуурлыг бууруулах, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд чухал үүрэгтэй.Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын төрөлжсөн байгууллагууд нь цаашид үргэлжлүүлэн энэ чухал салбарыг дэмжин ажиллана” хэмээв.

Байгалиа хамгаалах, байгалийнхаа ашигт малтмалыг зүй зохистой ашиглахад нь хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл “Байгаль орчныг хамгаалаад зогсохгүй иргэн төвтэй экосистемийн тэнцвэрт байдлыг хангах цогц бодлогыг хэрэгжүүлж байгаагаараа НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллагын “Ой бүхий аймгуудын биологийн олон янз байдлын хамгаалал, ойн тогтвортой менежмент, нүүрстөрөгчийн хуримтлалыг нэмэгдүүлэх нь” төсөл маш чухал юм.

Ойн менежментийг хийх, аж ахуй эрхлэх чадавхид сургаж байгаад би талархалтай байна. Экологийн тэнцвэрт байдлыг хадгалахын төлөө сэтгэл зүтгэл, цаг заваа зарцуулж байгаа, мөн байгальдаа халгүйгээр үйл ажиллагаа явуулах ашиглах мэдлэгтэй хүмүүст байгалийн дагалдах баялгийг ашиглах эрх нь нээлттэй байх ёстой.

2014 оноос хойш хэрэгжсэн төсөл өнөөдөр хаалтын ажиллагаагаа хийлээ. Энэ төсөлд Хэнтий аймаг болон таван аймгийн 27 сумын ойг хамгаалах. Түүнээс гадна ард иргэдийг ойгоо хамгаалж, ойтойгоо харьцаж сургах сургалтад хамруулах. Түүнээс гадна ойн хаягдлаар бүтээгдэхүүн хийж, үйлдвэр байгуулах зэрэг маш олон талын ач холбогдолтой төсөл байлаа. Өөрөөр хэлбэл, хүн төвтэй, байгалийн ашигт малтмалыг зүй зохистой ашигласан ийм сургалтыг хийж ирсэн.

Нийтдээ 1873 хүнийг сургалтад хамруулж, чадавхжуулжээ. Түүнээс гадна 43 аж ахуй нэгжид тус бүрд нь 53 сая төгрөг олгож, иргэд маань өөрийн гэсэн аж ахуйтай болсон нь сайхан хэрэг.

Хамгийн гол нь энэ төсөл ингээд зогсохгүй, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага маань цаашдаа 6 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ. Ингэхдээ зүүн гурван аймгийг хамруулна.

Харин дээрх төсөлд хамрагдсан нөхөрлөлүүдэд үр өгөөжөө өгсөн байна. Олон иргэн аж ахуй иргэн өөрийн гэсэн амьжиргаатай болж. Тэд ойн унанги буюу хэрэггүй болсон модоор бүтээгдэхүүн хийх үйлдвэртэй болж чадсан байна. Бид байгалийнхаа баялагийг зүй зохистой ашиглах боломжийг өгөөчээ гэж байна. Мөн хууль эрх зүйн орчныг бүрдүүлж өгөхийг ард иргэд хүсч байна. Тэгэхээр байгалиа хамгаалах, байгалийнхаа ашигт малтмалыг зүй зохистой ашиглахад нь хууль эрхзүйн орчныг бүрдүүлэх нь зөв зүйтэй гэсэн байр суурьтай байна.

Ер нь цаашдаа экологийн тэнцвэртэй байдлыг хамгаалах, байгаль орчноо хамгаалах, нөхөн сэргээх гэсэн гурван үндсэн зарчмаар ажиллаж, цогц бодлогыг авч хэрэгжүүлнэ. Ард иргэдийг ч байгалиа асран хамгаалах, хайрлах мэдлэг мэдээлэлтэй болгоно.

Бид нар эдийн засгаа хөгжүүлэх гээд байгалиа золиослож болохгүй. Хэрвээ байгалиа золиослох юм бол эдийн засгийн байдал бид нарын хүссэн түвшинд хүрч чадахгүй. Тийм учраас тэнцвэртэй хөгжил гэдэг байгалиа хамгаалахыг хэлнэ. Хамгийн гол нь ирээдүйн хойч үедээ үлдээж чадах зүйл бол ногоон ой, цэнхэр ус юм. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахын тулд байгалийн хуулийг зөрчихгүй байх ёстой.

Нэг зүйлийг нэмж хэлэхэд, Хэнтий аймаг түүхэн аялал жуулчлалын бүсээр тодорсон. Түүхийн аялал жуулчлалтай холбоотой олон улсын байгууллагын төсөл хөтөлбөр Монголын Засгийн газрын төслөөр хэрэгжиж байгаа бүтээн байгуулалттай газар дээр нь танилцлаа. Ажлын бүтээмж сайн байгаа юм байна” гэв.

Залууст ажлын байрыг нэмэгдүүлсэн төсөл хэрэгжүүлнэ

Төслийн хаалтын үеэр Европын холбооны Хамтын ажиллагааны хэлтсийн дарга Пьер-Ив Люкас “Европын Холбоо Монгол дах төсөл хөтөлбөрөө эрчимтэй өргөжүүлж байгаа бөгөөд НҮБ-ын ХХААБ болон GIZ байгууллагатай хамтран ойн төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгахад таатай байна. Энэ төслөөр дамжуулан мод, модон бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг дэмжих замаар залууст ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой юм. Хэнтий аймаг зорилтот аймгаар сонгогдоосой гэж хүсч байна” хэмээн ярилаа.    

Байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр 6 сая ам.долларын төсөл Хэнтий, Дорнод аймагт хэрэгжинэ

НҮБ-ын ХХААБ-ын Суурин төлөөлөгч Винод Ахужа “Монгол Улс 1973 онд НҮБ-ын ХХААБ-д гишүүнээр элсэн орсон байдаг. Түүнээс хойш хөдөө аж ахуй болон ойн хөгжлийн чиглэлээр олон ажлуудыг хийж байгаа бөгөөд 2007 оноос нөхөрлөлүүдийг дэмжих чиглэлд ажиллаж эхэлсэн юм.

Бид аливаа төслийг хэрэгжүүлэхдээ үргэлж өмнөх туршлагаасаа суралцаж байхыг эрмэлздэг. Мөн хэдийгээр бид техникийн мэргэжил, мэдлэгийг авчирч нутагшуулж байдаг ч оролцогчдоосоо байнга суралцаж байдаг юм шүү.

НҮБ-ын ХХААБ-ын хувьд бүх талуудтай тухайлбал, Засгийн газар, орон нутгийн засаг захиргаа, нөхөрлөлүүд, иргэдтэй хамтарч ажиллахад хэзээд бэлэн байдаг. Тиймээс төсөл хаалтаа хийж байгаа энэ өдөр дахин нэг төслийн талаар мэдээллийг хүргэмээр байна. Даян дэлхийн байгаль орчны сангийн дэмжлэгтэйгээр 6 сая ам.долларын өртөгтэй төсөл Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт хэрэгжихээр болсон. Үргэлжлүүлэн хамтран ажиллах болсондоо таатай байна” хэмээн ярилаа.

Төслөөр дамжуулан СДОА-ийг түшиглэн 11 ойн мэдээллийн төвийг байгуулах, 6 нөхөрлөлийн холбоог чадавхжуулснаар хамтын оролцоотой ойн менежментийг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдэж байна.

Б.Нямхатан:Аймгийн хэмжээнд 36 байгаль хамгаалагч ажиллаж байна

Хэнтий аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Б.Нямхатан “Байгаль хамгаалах чиглэлээр бид ойг хамгаалах нөхөн сэргээлгэх, хууль бус ан, ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг сайн авч ажиллаж байгаа. Хуулийн дагуу орсон орлогуудаасаа нөхөн сэргээлт хийдэг.

2019 онд нийт 49 ажлыг 300 гаруй сая төгрөгөөр хийсэн. Энэ нь дандаа байгаль хамгаалах чиглэлээр хийгдсэн ажил. Түймрийн үед ашиглах багаж төхөөрөмж, уул уурхайн болон нөхөн сэргээлтийг төсвийн хүрээнд хийж байгаа.

Аймгийн хэмжээнд 36 байгаль хамгаалагч ажиллаж байна. Өөрсдийнхөө дотоод нөөц бололцоог ашигладаг. Орон нутгийн төсвөөс санхүүждэг учраас төсөв санхүүгийн хүндрэл бий. Дээрээс нь туулах чадвар сайтай бүрэн автомат автомашин хэрэгтэй байна. Гэхдээ бид байгууллагынхаа төсвийн хүрээнд чадлынхаа хэрээр байгаль хамгаалагч нартаа мотоцикл, хамгаалах хувцас хэрэглэлээр хангасан.

Бид 2016 онд байгаль хамгаалагч нараар мотоциклоор хангасан. Гэвч хятад мотоцикл эдэлгээ богинохон хуучирч эвдэрсэн байдалтай байна. Өөрөөр хэлбэл, ажлын шаардлага хангахгүй байна. Нэг ойн ангийн хувьд огт төсөвгүй, өөрийн төсвөөр ажилладаг” гэлээ. 

 

 

Бид нар эдийн засгаа хөгжүүлэх гээд байгалиа золиослож болохгүй. Хэрвээ байгалиа золиослох юм бол эдийн засгийн байдал бид нарын хүссэн түвшинд хүрч чадахгүй. Тийм учраас тэнцвэртэй хөгжил гэдэг байгалиа хамгаалахыг хэлнэ. Хамгийн гол нь ирээдүйн хойч үедээ үлдээж чадах зүйл бол ногоон ой, цэнхэр ус юм. Байгаль дэлхийтэйгээ зөв харьцахын тулд байгалийн хуулийг зөрчихгүй байх ёстой.
Нийгэм

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.