| | USD/MNT 0₮

Хоёр дахин нэмэгдээд байсан хүнсний ногооны үнэ эргээд буурч байна

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс долдугаар сар хүртэл хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, хамгийн хямд зарагддаг төмсний үнэ хоёр дахин өсч, 2000 төгрөг болтлоо нэмэгдээд байсан билээ. Жил бүрийн наймдугаар сар гэхэд ургац хураалт дуусах дөхөж байдагтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтмол хэмжээгээр буурдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар хүнсний ногооны үнэ ямар байгаа талаар зах, худалдааны төвүүдээр явж сурвалжиллаа.

Бөмбөгөр худалдааны төвд төмс 800-1000 төгрөгийн үнэтэй байна 

Бөмбөгөр худалдааны төвд хүнсний ногооны үнэ ханш өнгөрсөн долдугаар сарынхаас буурсан үзүүлэлттэй байна.

Хүнсний ногооны борлуулагч Н “Сонгуулийн дараа хүнсний ногооны үнэ эрс нэмэгдэж орж ирсэн. Тиймээс хэсэг хугацаанд хаа сайгүй үнэтэй зарагдаж байсан. Харин сүүлийн өдрүүдэд ургац хураалт эхэлсэн учраас ногооны үнэ хэвийн хэмжээндээ хүрсэн. Одоогоор бид үнэ тарифныхаа хаягийг өөрчилж амжаагүй байна. Үнийн хувьд төмс 800-1000 төгрөгийн хооронд зарагдаж байгаа бол манжин, лууван, сонгино 1500-2000 төгрөг, байцаа 1000-1400 төгрөг, харин сармисны хувьд хятад нь боодлоороо 2000, монгол нь 1500 төгрөгөөр зарагдаж байна. Цаашдаа ургац ихэсвэл үнэ нь буурсаар байна” гэлээ.

Өнгөрсөн жилийн мөн үед хүнсний ногоо илүү хямд байсан

Бөмбөгөр худалдааны төвөөс гарч байхад нэгэн иргэн хүнсний ногоо худалдан авсан байхтай тааран түүнээс үнэ ханшийн талаар асуулаа. 

Иргэн Ц.Ядамсүрэн “Өнгөрсөн жилийн өдийд хүсний ногооны үнэ илүү хямдарсан байсан. Энэ жил арай л хямдрахгүй байгаа мэт санагдаж байна” гэсэн юм.

Барс худалдааны төвд сонгино 1000 төгрөгийн ханштай байна

Хүмүүсийн нэрлэж заншсанаар Барс захад очин хүнсний ногооны үнэ тарифыг судлахад ихэвчлэн бөөний үнээр зарж борлуулдаг гэлцэж байлаа. Олон хүний хөл холхисон Барс захын зарим худалдаачин хүнсний ногооны үнэ хэлэхээс татгалзаж байсан юм. Мөн өөр өөр газраас хүнсний ногоонуудаа оруулж ирдэг тул нэг үнэ ханшид баригддаггүй гэв.

Намрын эхэн сар гарсантай холбогдуулан найр наадам их болж байгаа. Тиймээс энд тэндгүй л шуудай шуудайгаар нь бараа цуглуулж буй иргэд ажиглагдав. Барс захын худалдаачин О “Ойрын өдрүүдэд захиалга их орж ирж байгаа. Манайд шинэ ургацын хүнсний ногоонууд ирээд удаагүй байна. Одоогоор төмс 1000 төгрөг, байцаа 800, сонгино 1000, лууван 1500 төгрөгөөр зарагдаж байна” гэлээ. 

Мөн тус захын нэгэн худалдаачин хүнсний ногооны үнээр шинэ тариф гаргасан байсан тул бидэнд тарифынхаа зургийг дарж авахыг санал болгоод Улаанбаатар хотын Гаалийн газрын хойно үзэсгэлэн худалдаа болж байгааг дуулгалаа. 

Шуудай төмс 20 мянган төгрөгөөр зарагдаж байна

Биднийг үзэсгэлэн худалдаанд очиход олон иргэн үйл ажиллагаа эрхэлж байсан бөгөөд экспо өнгөрсөн долдугаар сарын 25-наас эхлэн тавигджээ. Үнэ ханшийн хувьд бусад газраас хямд байсан ба шуудай төмс гэхэд 20 мянган төгрөгийн үнэтэйгээр борлуулагдаж байлаа.

Үзэсгэлэнд оролцогч иргэн Б.Цээнэ “Үзэсгэлэн худалдаа нь ирэх аравдугаар сарын 25-ныг хүртэл үргэлжлэх төлөвтэй байна. Шинэ ургацын ногоо орж ирсэн учраас ногоо хямдарч байгаа. Тодруулбал, 30 килограмм шуудай лууван, сонгины хувьд 30 мянган төгрөг, төмс 20 мянган төгрөгөөр тус тус худалдаалагдаж байна” гэлээ.

Мөн нарийн ногоо болон хүнсний ногоо зэргийг худалдан борлуулж буй иргэн С.Отгонбаяраас үнийн талаар тодруулахад тэрбээр “Нарийн ногоонууд маань Гачуурт болон Улиастай, Шувуун фабрикаас ирсэн. Харин хүнсний ногоо нь Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэнгээс ирсэн байгаа. 

Нарийн ногоонуудын үнэ хувьд: Урт огурцы, броккли, амтат болон халуун чинжүү, амтат гуа зэрэг нь 3500, бөөрөнхий шар хулуу 2500, ногоон хулуу, юуцай 2000, хаш, помидор, яншуй килограмм нь 5000, шанцай килограмм нь 4000, тарвас 1500 төгрөгөөр зарагдаж байгаа. Харин хүнсний ногооны хувьд ягаан байцаа 1500, төмс шуудайгаараа 20 мянга, килограмм нь 600, лууван шуудайгаараа 35 мянга, хил нь 800, сонгино сэтгээрээ 1500, килограммаараа 1600, байцаа шуудайгаараа 12 мянга, хилээрээ 500 төгрөгөөр хамгийн хямдаар зарагдаж байгаа. Ургац бүрэн гарвал үүнээс илүү хямдарна” гэсэн юм. 

Үзэсгэлэн худалдаанд үйлчлүүлэгчид цөөхөн байсан юм. Өнгөрсөн долдугаар сараас хойш зогссон худалдаачид “Ургац хураалт нэмэгдэж байгаа болохоор ногооны үнэ ханш өдөр ирэх тусам буурч байгаа, тиймээс хур бороо орохгүй бол эрт ургац хураалт дуусна. Мөн тариаланчдад маань ч гэсэн хүндрэл учрахгүй” гэж байсан юм.

Мөн иргэдийн байр суурийг сонсох үүднээс үзэсгэлэн худалдаан дээр явж байсан нэгэн иргэнээс санал хүсэлтийг нь сонслоо.

Иргэн Д.Энхтуяа “Өнгөрсөн сард эрс нэмэгдээд байсан хүнсний ногооны үнэ ханш өнөөдрийн байдлаар тодорхой хэмжээнд буурсан санагдлаа. Ялангуяа зах худалдааны төвүүдэд хуучин ханшиндаа хүрсэн байсан. Харин энэ үзэсгэлэн худалдаанд гарсан хүнсний ногоонууд илүү хямдарсан байна. Хүнсний ногоо гэлтгүй нарийн ногоонууд нь ч мөн үнэ хямд, боломжийн санагдав. Гэхдээ ногоонууд нь өөр өөр ханштай байгаа мэт санагдсан. Одоо намрын улирал ирж байгаа болохоор ургац хураалт бүрэн дуусч хүнс, хүнсний ногооны үнэ дорвитой хэмжээнд буурах байх гэж найдаж байна” гэлээ. 

Энэ жилийн хавар хур бороо багатай байсан учир тариалалт хожуу эхэлсэн. Угтаа бол долдугаар сарын эхэн гэхэд шинэ ургац гарах болчихсон байдаг. Тиймээс хэсэг зуурт нөөцийн хүнсний хэмжээ багассан учир сүүлийн хоёр сар ногооны үнэ нь огцом нэмэгдсэн байжээ. 

Одоогоор хүнсний ногооны хураалт нэмэгдэж байгаа учир үнийн хувьд эргэн хэвэндээ орж байна гэж хэлж болох. Тиймээс өнөөдрийн байдлаар зарим нэг зах, худалдааны төвүүдэд хүнсний ногооны үнэ ханш эргэн буурч, цаашид ч хямрах төлөвтэй байгаа нь ажиглагдлаа.

Т.Алтанзагас

Өнгөрсөн зургадугаар сарын сүүлээс долдугаар сар хүртэл хүнсний ногооны үнэ тэнгэрт хадаж, хамгийн хямд зарагддаг төмсний үнэ хоёр дахин өсч, 2000 төгрөг болтлоо нэмэгдээд байсан билээ. Жил бүрийн наймдугаар сар гэхэд ургац хураалт дуусах дөхөж байдагтай холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний үнэ тогтмол хэмжээгээр буурдаг. Тэгвэл өнөөдрийн байдлаар хүнсний ногооны үнэ ямар байгаа талаар зах, худалдааны төвүүдээр явж сурвалжиллаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.