| | USD/MNT 0₮

С.Мөнхчулуун “Ирээдүй” цогцолбор сургуулийг хуваах захирамж гараагүй

Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын долоон сургуулийг тарааж, бие даасан гурван сургууль болгох захирамж гаргажээ гэх мэдээлэл гарав. Тодруулбал, эцэг эхчүүд, багш нарын хэлж буйгаар дүүргийн Боловсролын газраас дээрх сургуулийг тарааж, хуваах захирамж гаргажээ. Үүнийг эцэг эхчүүд болон сурагчид, үе үеийн төгсөгчид эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Энэ сургуулийг хувааж, нэгтгэхийн цаана хэний эрх ашиг яваад байна гэсэн хардлага сэрдлэгэ байгаа бөгөөд тус дүүргээс НИТХ-д гарсан төлөөлөгч С.Мөнхчулуун гэсэн мэдээлэл ч гарав.

Тэгвэл энэ талаар Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч С.Мөнхчулуунаас тодрууллаа.

-“Ирээдүй” цогцолбор сургуулийг тарааж гурван хэсэг болгох захирамж гарсан гэх. Энэ хаанаас гарсан захирамж юм бол?

-СХД-ийн Ирээдүй цогцолбор сургуулийг хуваах захирамж өнөөдрийн байдлаар гараагүй байна. Энэ талаар хотын даргаас асууж тодруулсан. Дүүргийн Боловсролын газраас уг сургуулийг хуваая гэсэн саналыг Иргэдийн хуралд хүргэсэн юм билээ. Харин тэндээс Нийслэлийн боловсролын газар, салбарын яаманд нь хүргүүлсэн. Буулгах тараах захирамжийн төсөл нь бэлэн болчихсон байна. Төслөөрөө ерөнхий боловсролын бие даасан сургууль болгоё гэсэн саналтай байгаа юм билээ.

 -Танд тараах ашиг сонирхол яваад байгаа юм бишүү?

-Маш буруу мэдээлэлтэй байна. Тийм зүйл байхгүй. Харин би энэ сургуулийг тараахыг эсэргүүцэж байгаа хүн шүү дээ. Өнөөдөр эцэг эхчүүдийн төлөөлөл гэж 7000 гаруй хүнээс өргөдөл ирснийг Салбарын сайд болон хотын даргад уламжилсан.

“Ирээдүй” цогцолбор нь улсын тэргүүний, нийслэлийн хошой тэргүүний сургууль. Амжилтаараа гэвэл дүүрэгтээ ЭЕШ-аар сүүлийн гурван жил нэгдүгээр байрт орж “Алтан ЭЕШ” гэсэн өргөмжлөлтэй болсон. Стандартын үзүүлэлтээр улсаа тэргүүлдэг.

Багш нарын сурган хүмүүжүүлэх, заах аргагүй гэсэн чиглэлээр 15 төрлийн уралдаанд тус сургуулийн багш нар 10 төрөлд нь тэргүүлсэн байдаг. Тиймээс сурагч, эцэг эхчүүд ч хуваахыг эсэргүүцэж байгаа юм билээ.

-Багш нар өөрсдөө ямар байр суурьтай байгаа юм бэ?

-Багш нарын төлөөлөл уулзсан. Одоогоор 300 гаруй багшийн санал ирсэн. Мөн төгсөгчдын холбооноос хандсан. 1997 онд анх цогцолбор нэрээр байгуулагдсан улс, нийслэлдээ сурлага, амжилтаараа тэргүүлж байгаа сургуулийг ямар зорилгоор хуваах гэж байгаа юм. Ямар ч үндэслэлгүйгээр хуваахыг эсэргүүцнэ.

-Тэгээд хэн хуваах гээд байгаа юм бол. Том цогцолбор сургууль хуваагдлаа гээд ямар ашигтай юм бэ?

-Улс төрийн хардалт сэрдэлт явагдаж байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ баримт нотолгоотой ярих ёстой. Сургууль хуваахыг дүүргийн Боловсролын хэлтсээс санал гаргасан. Тус газраас эцэг эхчүүдийн хүсэлтээр гэсэн санал гаргасан байгаа юм. Гэтэл тийм хүсэлт гаргасан эцэг эх байхгүй. Ямар эцэг эхээс санал авсан нь тодорхой бус.

-Таныг тус дүүргээс 2020 оны сонгуульд нэр дэвших гэж байгаа гэлээ. Энэ үнэн үү?

-Нэр дэвших асуудал тухайн үедээ яригдах байх. Миний хувьд “Өнөр” хорооллоос сонгогдсон төлөөлөгч. Эхний ээлжинд НИТХ-д сонгогдоод ажилласан ажлынхаа үр дүнг иргэдээрээ үнэлүүлнэ. Түүний дараа сонгуульд нэр дэвших эсэхээ шийднэ дээ.

ШУУД ҮЗЭХ: 

Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй” цогцолборын долоон сургуулийг тарааж, бие даасан гурван сургууль болгох захирамж гаргажээ гэх мэдээлэл гарав. Тодруулбал, эцэг эхчүүд, багш нарын хэлж буйгаар дүүргийн Боловсролын газраас дээрх сургуулийг тарааж, хуваах захирамж гаргажээ.
Улс төр

Сэтгэгдэл (21)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.