| | USD/MNT 0₮

Д.Сумъяабазарын арга хэмжээ авч чадаагүй Эко Алтан Заамар компанид Г.Ёндон сайд хариуцлага тооцож чадах уу

Монголд хуулинд захирагддаггүй, эрх дархтай уул уурхайн нэг компани бий. Тухайлбал, Төв аймаг болон Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг “Баян” Ч.Базарын эзэмшлийн “Эко Алтан Заамар” гэж зартай компани дандаа хууль зөрчиж, хариуцлага алддаг. Уг компанийн талбай дээр байсхийгээд л осол гарч, хүний амь нас эрсддэг. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллаагүйгээс болж хүний амь нас, эрүүл мэнд хохирсон хэргийг мөнгөөр халхавчилж хаана.

Хуулийн байгууллагатай хуйвалдаж хэргээ нуун дарагдуулдаг, хууль бус үйл ажиллагаа явуулдаг энэ компанид хатуухан хариуцлага тооцдог салбар яам удирдлагууд гэж алга.

Тухайлбал, хэдхэн хоногийн өмнө Булган аймгийн Бүрэгхангай суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн талбайд осол гарч нэг хүний амь нас хохирсон асуудлыг нам даржээ.

Тодруулбал, тус компанид дохиочноор ажилладаг байсан Орхон аймгийн харьяат, 25 настай эрэгтэй цахилгаанд цохиулж нас барсан талаар орон нутгийн эх сурвалж мэдээлсэн. 

Гэвч, энэ талаарх мэдээллийг шат шатандаа нууцалж байна. Хүний амь нас хохирчихоод байхад, холбогдох байгууллагууд мэдээлэл өгч, сэрэмжлүүлэх бус харин ч хав дараад өнгөрсөн.

“Эко алтан Заамар” компани Заамарын уурхайн цаад талаас буюу Булган аймгийн Бүрэгхангай суманд ч бас тусгай зөвшөөрөлтэй. Энэ удаагийн осол тухайн хэсэгт гарсан тул Булган аймгийн мэргэжлийн хяналтын газар болон холбогдох байгууллагууд газар дээр нь ажиллажээ.

Ганц энэ ослоор зогсохгүй, өнгөрсөн 2019 оны намар Төв аймгийн Заамар суманд “Эко алтан заамар” компанийн талбайд ажлаа хийж байсан дөрвөн хүн нурангид дарагдаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тухайн талбайд мэргэжлийн хяналтынхан өмнө нь шалгалт хийсэн ч нууцаар үйл ажиллагаа явуулж байгаад осол гаргасан байдаг. Мэргэжлийн байгууллага болоод салбарын сайд нарын үг, шаардлагыг  үл тоодог “том” толгойтой компани бол яах аргагүй “Эко алтан заамар”.

Осол гарсны дараа энэ хэрэг нэг хэсэг хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуурч шуугиад намжсан.

Тухайн үед салбар хариуцаж байсан сайд Д.Сумъяабазар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат нар ч сүртэй мэдэгдэл хийж, хариуцлага тооцож, тусгай зөвшөөрлийг цуцална гэж мэдээлж байсан ч худлаа болсон. Нэг нэгэн рүүгээ шаардлага хүргүүлж байна гэж цаас шидлэж байгаад энэ хэрэг чимээгүй болж замхарсан.

Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар удаа дараа осол гаргасан "Эко алтан заамар" компанид хатуу арга хэмжээ авах асуудлыг сайдын зөвлөлийн хурал дээр ярьж байсан ч хариуцлага тооцоогүй.

Тухайлбал, Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко алтан заамар” компанийн уурхайд болсон осолтой холбогдуулан тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлана гэж мэдээлсэн.

Тусгай зөвшөөрөл цуцлах талаар Д.Сумъяабазар хэлэхдээ “Эко алтан заамар”-тай холбоотой осол бол маш харамсалтай хэрэг болсон. Газар гэсч байгаатай холбогдуулан 21 аймгийн дарга нар тодорхой чиглэл өгсөн байсан. Хариуцлагыг өндөржүүлэх чиглэлүүдийг хүргүүлсэн байгаа. Газар гэсч байгаатай холбоотой мэргэжлийн бус хүмүүс мэргэжлийн хүнийхээ үгийг сонсоогүйн гайгаар энэ осол болсон. Хариуцлагагүй байдлаас болж эрдэнэт хүний амь эрсэдлээ. Тиймээс “Эко алтан заамар” компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцлах ёстой. Тусгай зөвшөөрлийг нь цуцлах тухай мэдэгдлийг тус компанид хүргүүлсэн байгаа. Тиймээс энэ компани хариуцлагаа хүлээх ёстой. Мэргэжлийн хүмүүс ажиллахгүй, мэргэжлийн хүмүүсийнхээ зөвлөгөөг сонсохгүй байгаагийн гай энэ” гэж хэлж байжээ.

Гэвч өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариуцлага тооцоогүй, харин ч асуудалтай дээрх компани өнгөрсөн оны арванхоёрдугаар сард буюу өөрөөр хэлбэл ноцтой осол гарсны дараа “Эко алтан заамар” компанийн нэрээ өөрчилж “Бүрдэл майнинг” нэртэй болоод үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсан байдаг.

Яагаад ийм хариуцлагагүй, мөнгөөр бүхнийг шийдэж, хууль бус үйлдлийг худалдаж авдаг, Монгол Улсын хуулийн дээр заларсан Эко алтан заамар компанид холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцож тусгай зөвшөөрлийг нь цуцалчихаж чаддаггүй юм бэ.

Д.Сумъяабазар сайд энэхүү компанийн тусгай зөвшөөрлийг цуцалж чадаагүй бол шинэ сайд Г.Ёндон та анхааралдаа авч, хариуцлага тооцож тусгай зөвшөөрлийг нь цуцална уу.

Дахиад компанийн талбайд осол гарч, нэг хүн тогонд цохиулж амиа алдсан хэрэг хав дарагдах учиргүй. Энэ асуудалд нүд нь харанхуй, чих нь дүлий байж болохгүй. Даварсан даруулга үгүй “Эко алтан заамар” компанид даруулга хэрэгтэй байна, салбарын сайд Г.Ёндоон.

 

 

Дахиад компанийн талбайд осол гарч, нэг хүн тогонд цохиулж амиа алдсан хэрэг хав дарагдах учиргүй. Энэ асуудалд нүд нь харанхуй, чих нь дүлий байж болохгүй. Даварсан даруулга үгүй “Эко алтан заамар” компанид даруулга хэрэгтэй байна, салбарын сайд Г.Ёндоон.
Улс төр

Сэтгэгдэл (11)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.