| | USD/MNT 0₮
Улсдаа ганц байдаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эзэмшил газар руу Монголын Үндэсний их сургуулийнхан халдаж, хууль бусаар хашаа барихыг завдсан хэрэг өнгөрсөн бямба гарагт гарсан билээ.
Эмнэлгийн эмч ажилтнууд энэхүү хууль бус үйлдлийг цагдаагийн хүчээр таслан зогсоож, өөрийн эзэмшил газраа хамгаалахын тулд тууштай тэмцэж байгаа.
Харин энэ хууль бус үйлдлийг хотын удирдлагууд болон зарим нэг УИХ-ын гишүүн анхааралдаа авчээ. УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн болон Нийслэлийн Засаг даргын түр орлон гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар өчигдөр эмнэлгийн удирдлагуудтай уулзаж, санал бодлыг нь сонсчээ.
Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн "Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч, сувилагч нар эмнэлгийн газраа хамгаалахад туслаач гэж итгэж найдаж надад хандсан. Улсын эмнэлэгт асрагчаас захирал хүртэл 30 жил ажилласан, жаргал, зовлон нэгтэй эмчийн хувьд, эрүүл мэндийн салбараа төлөөлөх үүргийнхээ дагуу газрын дээрмийг зогсоохоор очиж ажиллалаа.
Газар дээр нь очиж, хурдан шуурхай шийдвэр гаргасан Нийслэлийн засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгаланд эмч, сувилагч, эх хүүхдүүдийн өмнөөс талархал илэрхийлье!
Хувийн дээд сургууль өргөтгөл барихдаа эмнэлгийн газрыг дур мэдэн авсан байсныг эмч, сувилагч нартайгаа хамтдаа тэмцэн байж зогсоолоо. Хувийн хэвшлийг хүндэтгэх ёстой. Гэхдээ хувь, хувьсгал бүгд л хуулийн дор ажиллах үүрэгтэй.
Өнөөдрийн үйл явдал бол нэг эмнэлгийн биш нийтлэг асуудал болж ужгирсан. Улсын эмнэлэг, сургууль, цэцэрлэг, тоглоомын талбай, ногоон байгууламжийн газрыг хууль бусаар авч, барилга байшин босгочихоод улс төр, хууль шүүх, хэвлэл мэдээлэл, элдэв янзаар далайлган сүрдүүлж дээрмээ хамгаалдаг. Улсаас эмнэлэг, сургууль, цэцэрлэг, зам, ногоон байгууламж, дэд бүтэц барих гэхээр газар олддоггүй.
Нэг хүнд оногдох газар нутгаар дэлхийд дээгүүр ордог манай улсын нэг эмгэнэл нь энэ шүү дээ. Манай ХСҮТ-ийн газрыг 20-иод жилийн өмнөөс тастаж авсаар бүслэлтэнд ажиллаж байна. Яаралтай тусламж үзүүлэхэд гарц, орцыг ч таглаж бөглөснийг эхнээс нь чөлөөлж байгаа.
Эрүүл мэндийн салбарын 53 мянган ажилтны эрх ашиг бол 3 сая гаруй монгол хүний амь насны асуудал юм шүү. Эмч, сувилагч нарыг өмөөрөх төр засаг, өмгөөлөх түмэн олон нь бий гэдгийг сануулъя" гэжээ.
Эрүүл мэндийн салбарын 53 мянган ажилтны эрх ашиг бол 3 сая гаруй монгол хүний амь насны асуудал юм шүү. Эмч, сувилагч нарыг өмөөрөх төр засаг, өмгөөлөх түмэн олон нь бий гэдгийг сануулъя