| | USD/MNT 0₮
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдардаг эмэгтэй Ж.Одгэрэлийг зодож дарамталж, хоёр удаа ургийг нь зулбуулсан гэх хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байгаа Б.Төгсбилгүүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч Б.Баярмагнай нь өнөөдөр мэдээлэл хийлээ.
Энэ талаар түүний өмгөөлөгч Б.Баярмагнай: Бид хуулиа хүндэтгэж, хэргийг шийдвэрлүүлнэ
“Хохирогч нь гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, удаа дараа ураг зулбасан, ойр дотных нь хүмүүст амь насанд нь халтай аюултай нөхцөл байдал үүссэн байгаа талаар хэвлэл мэдээллийн олон хэрэгслээр гарсныг та бүхэн мэдэх байх. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажил хуульд заасны дагуу явж байгаа.
Гэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны завсраар миний үйлчлүүлэгч болон тэдгээрийн ар гэрийг, хохирогчийн зүгээс элдэв байдлаар доромжилж, гүтгэж, “гэр бүлээрээ алуурчин, зандалчин, алуурчин” гэх мэт аймшиг мэдээлэл хийж байгаа учраас бид өнөөдөр мэдээлэл хийж байна. Харин бид хохирогчийг гүтгэх, үнэн мэдээллийг нь худал болгох зорилгогүй гэдгийг хэлье. Зөвхөн тэр хүмүүсийн яриан дээр тайлбар хийж байна.
Бидний зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, шүүх, прокурорыг бүгдийг нь хүндэтгэж байгаа. Тийм ч учраас өнөөдрийг хүртэл бид чимээгүй байсан. Гэвч гүтгэлэг доромжлол хэрээс хэтэрч байгаа учир тайлбар хийхээс аргагүй нөхцөлд хүрсэн. Шүүх хурал ерөөсөө болоогүй. Төгсбилгүүн нэг ч шүүх хуралд ороогүй. Урьдчилсан хэлэлцүүлэг нэг удаа болсон. Энэ бол гэм буруутайг нь хэлэлцэх шүүх хурал биш юм. Үүнийг шүүх хурал гэж ойлгосон байна билээ.
Хохирогч өөрт мэдсэн зүйлээ нийтэд мэдээлэхгүй байх ёстой. Гэтэл настай ээжийг нь хүртэл архи уудаг, алуурчин гэж олон нийтэд ойлгуулж байгаад харамсч байна. Гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрлээ. Тиймээс шүүх хурал болоогүй байхад хэн нэгний алуурчин, ялтан гэмт хэрэгтэн гэсэн ойлголтыг олон нийтэд тараахгүй байхыг хүсье” гэлээ.
Б.Төгсбилгүүний эгч Б.Болормаа:Ах дүү нарыг минь алуурчин болгож нийгэмд харлуулж байгаа зорилго нь юу юм бэ
“Ж.Одгэрэл гэдэг хүний яриад байгаа шиг хоёр хүүхэд зулбуулах гэж оролдсон, зулбуулсан гээд бүгдийг нь гэр бүлээр нь хоёр хүүхэд алсан алуурчин болгож олон нийтэд зарлаж буй нь ор үндэслэлгүй худал зүйл юм.
Эхний хүүхэд дээр 2018 оны арваннэгдүгээр сар хүртэл бидэнд жирэмсэн гэж итгүүлж явсаар ирсэн. Арванхоёрдугаар сард төрөх ёстой байтал, яг төрөх дөхөөд иртэл гэнэт хүүхэд нь байхгүй, 1кг 700 грамм хүүхэд авахуулсан, цус алдаад үхэх нь гэж бидэнд хандсан.
Манай дүү “Ж.Одгэрэл төрөх дөхөөд ирсэн чинь хүүхэд минь байхгүй болчихлоо гээд сонин сонин юм яриад байна” гээд манай эмэгтэй дүү бид хоёрыг дуудаад бид хоёр гэрт нь очсон байдаг. Очиход “Би том болсон хүүхдээ авахуулсан, гаргах боломжгүй гэж хэлсэн” гэх яриа яриад, тэр өдөр нь амиа хорлоно гээд цагдаа хүртэл дуудаж байсан. Цагдаад ч энэ үгээ хэлсэн нь байдаг. 2-3 хоногийн дараа арванхоёрдугаар сарын 06-нд насаараа эмч хийсэн хүнд дээр дагуулж очиж үзүүлсэн.
Цус алдаад үхэх гээд байсан учир элдэв юм болох вий гэж эмээн үзүүлэхэд нөгөө эмч маань “Саяхныг хүртэл ямар ч хүүхэд гаргасан юм алга, бүр бага сартайдаа зулбасан юм уу гэхээс том хүүхэд гарсан юм алга” гэсэн. Гэтэл нэгдүгээр сар дөнгөж гартал л бид хэдийг алсан, манай дүүг өөрийг нь зоддог барьдаг байсан гээд цагдаад өгчихсөн байсан. Энэ талаар хоорондоо харьцсан мессэжүүд нь бүгд бий дээ.
Хоёр дахь хүүхэд нь болохоор 11 сард дахиад жирэмсэн болсон. Дөрвөн сартай байхад нь манай ээж болон нөхрийг намайг нийлж зодож алсан гэж яриад байгаа.
Миний дүү хүүхэдтэй болохыг маш их хүсдэг байсан. Амьдралын төлөө явж байсан дүүг минь алуурчин болгож олон нийтэд зарлаад байгаад гайхаж байна. Бид нарын үр хүүхдийг хүртэл харлуулж байна. Янз бүрийн хүмүүс чатаар болоод утсаар дарамтлаад айдастай байна” гэв.
С.Төгсбилгүүний ээж Ч.Даваа:Ж.Одгэрэл өөрийнхөө амьдралыг өөрөө там болгосон
“Миний хүүтэй Ж.Одгэрэл 2015 онд танилцаж улмаар хамтран амьдарсан. Өнөөдөр яагаад намайг алуурчин болгож байгаа юм бэ. Одгэрэл өөрийнхөө тааваар байсан. Манайд байхдаа нэг ч удаа аяга угааж, хог шүүрдэж үзээгүй.
2018 оны гуравдугаар сар гаргаад “Би жирэмсэн боллоо” гэсэн. Гуравдугаар сараас ч өмнө би жирэмсэн боллоо гэсэн. Жирэмсэн боллоо гэхэд нь би “Миний муу хүү 25 хүрчихлээ, хүүхэдтэй болох нь” гэж баярлаж байсан. Гэсэн чинь “Ээжээ ганц хоёр сарын дараа…. би савны хавдартай байсан байна, жирэмсэн биш байсан байна” гэсэн.
Тэгэхэд нь “Эмэгтэй хүүхэд янз бүрийн юм тохиолддог, эмчилгээ хийлгэчих, жирэмсэн болно” гээд хүлээцтэй сайхан хандсан. Эмчилгээ хийлгэсэн. Ингээд гуравдугаар сар болж жирэмсэн боллоо гэхэд нь, одоо л хоёр хүүхэд минь хүүхэдтэй болж, аштай сайхан боллоо гэж бодсон. Би чинь олон ач зээтэй хүн, тэр үед Одгэрэлтэй ойр хоёр охин минь, нийлээд гурван охин ойр төрөх байсан. Би ч олуулаа болох нь гэж бодтол арваннэгдүгээр сар хүртэл бидэнд жирэмсэн гэж худал хэлж нууж явсан байсан.
Тэр сард 1 кг 700 грамм хүүхэд дутуу гаргачихлаа гэсэн. Хүү минь ажлаасаа гэр рүүгээ орох гэж явж байна гэж ярьчихаад баахан уйлсан. Яасан минь хүү гэтэл “Ээжээ би хүүхэдгүй болчихсон, хүү байсан гэж байна” гэж хариулсан. Яахаараа тийм том болчихсон хүүхэд авчихаад эмч нар нь гаргаад явуулчихдаг юм, сав сааль нь юу болж байгаа бол, аав ээж нь байна уу, дууд, юу яриад байгаа юм, өчигдөрхөн л надтай зүв зүгээр бойжилт сайтай байна гэж ярьж байсан хүн өнөөдөр ийм хачин юм яриад байгаа юм гэсэн.
Жаахан байж байгаад ахиж ярьж уйлаад “Би ер нь хүүхэдгүй болчихсон юм байна. Амьгүй гарсан гэж байна. Хаана гарсныг нь хэлэхгүй байна” гэсэн. Бидэнд хаана хүүхдээ гаргаснаа ч хэлээгүй. Ингэж биднийг хуурч мэхэлсэн. Үнэнд гүйцэгдэхийн дэргэд тэр өөрөө хэлсэн. Худалч хуурмаг амьдрал байхгүй. Үр хүүхдээр хуурч байгаа учир би сал гэж хэлсэн. Энэ үгэнд өширхөж биднийг гүтгэж доромжилж, алуурчин гэж нийгэмд харлуулж байгаа юм бэ. Ж.Одгэрэл манайд эрх дураараа байсан. Тиймээс гэр бүлийн хүчирхийлэлд байгаагүй.
Үнэхээр хар дарсан зүүд шиг бид амьдарч байна. Тиймээс нэг талаас нь харж биш, хоёр талаас нь харж, зөв бурууг ялгаарай ард түмэн гэж хэлье. Ж.Одгэрэлийн хэлснээр мэдүүлснээр миний хүү өнөөдөр 90 гаруй хоног хоригдлоо. Өөрийнхөө хүчирхийлэлд байлгаж хориулсан. Өнөөдөр өлсгөлөн зарлаж байна. Амь нас нь хохирвол хэн хариуцах юм бэ” гэв.
ШУУД ҮЗЭХ:
Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хамтран амьдардаг эмэгтэй Ж.Одгэрэлийг зодож дарамталж, хоёр удаа ургийг нь зулбуулсан гэх хэрэгт буруутгагдан цагдан хоригдож байгаа Б.Төгсбилгүүний ар гэрийнхэн болон өмгөөлөгч Б.Баярмагнай нь өнөөдөр мэдээлэл хийлээ.