| | USD/MNT 0₮

Ж.Мөнхбат:Ерөнхий сайд танхимаа томилдог, огцруулдаг зарчмыг дэмжинэ

Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцлээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нарын 62 гишүүн өнгөрсөн зургадугаар сарын 06-нд өргөн мэдүүлсэн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийсэн юм.

Энэ үеэр 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн ажлын хэсгийг хамгийн анх ахалж ажиллаж байсны хувиар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр “Ерөнхий сайд танхимынхаа сайд нарыг томилж, чөлөөлж, огцруулах саналыг дэмжиж байгаа. Бид нарын өнөөдөр өөрчилж байгаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын парламентын засаглалтай улс. Энэ засаглалын чадвар чадавхийг сайжруулахад чухал алхам хийж байгаа. Тиймээс олон улс, дэлхий нийтийн чиг хандлагыг дагасан алхмыг хийж, тийм шийдвэр гаргах нь зөв гэж бодож байна. Өнөөдөр Японыг хар. Дэлхийд хөгжлөөрөө ямар билээ. Ёс суртахуунаараа, улс төрийн соёлоороо Германыг хар. Бүх танхимынхаа бүх сайд нарыг Ерөнхий сайд нь томилдог, чөлөөлдөг, огцруулдаг. Хариуцлага тооцож чаддаг. 

О.Баасанхүү гишүүний яриад байгаагаар өнөөдөр Монголд Ерөнхий сайд нь яагаад сайд нараа оруулж ирж, хариуцлага ярьж, чөлөөлж чаддаггүй вэ. УИХ дээр энэ асуудал нь улс төр болоод нэг, хоёр сайдтай хариуцлага тооцох биш бүтэн танхимаараа хариуцлага тооцуулах улс төрийн том доргилт болчих гээд байдаг. Ийм учраас үе үеийн сайд нар танхимынхаа сайд нартай хариуцлага тооцохоос жийрхэж ирсэн.

Хэрэв энэ заалтыг оруулж ирэх юм бол тэртээ тэргүй ард нь Ерөнхий сайд болон танхимтай нь хариуцлага тооцох боломж, бүрэн эрх нь УИХ-д байгаа, яг хуучнаараа. 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах бичгийг өргөн бариад олонхи нь шийдвэрээ гаргачихвал түүгээр нь шийдээд явах боломж нээлттэй.

Сая улс төрийн онол их ярилаа. Энэ засаглалыг хуваах зарчим, онол гэдэг юмыг бид нар, Монгол Улс сүүлийн 30-аад жил бантан болгож ирсэн. Харин үүнийг засах боломж нь уг нь энэ Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байсан. Шарль Луи Монтескье, Джон Локк нарын яриад байгаа засаглалыг хуваах онол нь хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн гурван институцийн асуудал. Гэтэл манайд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд гурван хүний асуудал яриад явчихдаг. Институцийг орхичихдог. Энэ гаж буруу зүйлээс болоод өнөөдөр зарим гишүүний яриад байгаачлан Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь эрх мэдлээ булаацалдсан, өөрсдийн эрх мэдлээ нэмэх гэсэн, үүндээ хууль шүүхийг татан оролцуулдаг явдал Монгол Улсын Ерөнхийлөгч асан П.Очирбат, Н.Баганбанди, Н.Энхбаяр нарын үеэс эхэлсэн.

Бүр 1992 оны ардчилсан Үндсэн хуулийг баталсны маргаашнаас эхлээд өрнөсөн үйл явц. Энэ үйл явц өнөөдөр ч үргэжилж байгаа. Тиймээс үүнийг нэг талд нь гаргах шаардлага байсан. Би УИХ-ын чуулганы танхимд хэлж байсан. Парламентын засаглалаар явна гэж байгаа бол дэлхий нийтийн жишгийг дагаад онолоор нь явах хэрэгтэй. Харин Ерөнхийлөгчийн засаглалтай болно гэж байгаа бол Үндсэн хуульдаа тэрийгээ оруулаад, дэлхий нийтийн жишгийн дагуу явах ёстой гэж. Өнөөдөр Монгол Улс шиг холимог тогтолцоотой улс дэлхийд цөөхөн. Үлгэрлэх юм бол хоёр аавтай. Нэг аав нь өглөө босоод өдөржингөө үүрэг даалгавар өгч юм ярина. Нөгөө аав нь шөнө босч ирээд бүгдийг нь унтуулахгүй дахиад өөр үүрэг даалгавар өгөөд байгаатай агаар нэг. Иймээс энэ мэт зүйлийг цаашдаа бодох нь зөв. Иймээс ч би Ерөнхий сайд танхимаа томилдог, огцруулдаг зарчмыг дэмжиж байгаа юм.

Ер нь бол Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийх гэж олон парламент дамжиж ярьсан. УИХ-ын олон гишүүн ярьсан. 2016 оны парламент бүрдсэнээс хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал нэлээд олон түвшинд яригдаж улмаар өнөөдрийн түвшинд хүрч гуравдугаар хэлэлцүүлгээ хийж байгаад баяртай байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед түүний захирамжаар ажлын хэсэг байгуулагдаж тухайн үед ЗГХЭГ-ын дарга байсан миний бие, Хууль зүйн сайд байсан Ж.Бямбацогт, хуульчид, эрдэмтэн судлаачид оролцсон ажлын хэсэг байгуулагдаж Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг нь хийж өгсөн. Энэ төсөлд сая миний ярьсан бүх юм тодорхой орж ирсэн. Өнөөдөр УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан тэргүүтэй ажлын хэсэг энэ төсөл дээр тулгуурлан Үндсэн хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж байна. Энэ нэмэлт өөрчлөлт олон давуу талтай сайн зүйл орж байгаа. Үүнийг ард түмэндээ хэвлэл мэдээллийнхнээр дамжуулж үнэнийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, УИХ-ын гишүүнийг эгүүлэн татдаг болж байна. УИХ-тай хариуцлага тооцдог, хугацаанаас нь өмнө тараах асуудал, УИХ ажлаа муу хийвэл хариуцлага тооцдог энэ асуудал маш тодорхой болж орж байна.

УИХ-ын ирц, нөгөө төгөлдөр хуурчид гээд яриад байдаг нөхөд, хүний кноп дардаг асуудал байхгүй болж байгаа. Ажлын өдөр хоног нь хавар, намрын чуулганаар нэмэгдэж байна. Давхар дээлийг тайлна гэж олон жил ярьсан. Би өөрөө үүнийг эсэргүүцэж жагсаал хийж байсан гишүүний нэг. 2016 онд манай нам засаглалын эрхийн авахад Н.Алтанхуяг, Ч.Сайханбилэг нарын үед давхар дээлийн тухай асуудал 100 хувьтай байсан. Бид үүнийг 50 хувь болгож бууруулж байсан.

Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр давхар дээл буюу УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүнийг хавсран хийх квот 30 болж орж ирж байгаа.

Мөн шүүхийн шатанд дэвшил өөрчлөлтүүд гарч байна. ШЕЗ дээр шүүгч нарт хариуцлага тооцдог механизм сайжирсан. Энэ мэт олон олон давуу зүйл бий. Иймээс би Үүндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ажиллаж байсан үе үеийн ажлын хэсгүүд, дэд ажлын хэсгүүд мөн УИХ-ын гишүүддээ талархал илэрхийлье. 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг хамгийн анх ахалж ажиллаж байсан хүний хувьд талархал илэрхийлье, амжилт хүсье" гэсэн юм.       

 

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлтийг хийх гэж олон парламент дамжиж ярьсан. УИХ-ын олон гишүүн ярьсан. 2016 оны парламент бүрдсэнээс хойш Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал нэлээд олон түвшинд яригдаж улмаар өнөөдрийн түвшинд хүрч гуравдугаар хэлэлцүүлгээ хийж байна.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.