| | USD/MNT 0₮

МАХН-аас Ерөнхийлөгчид Ипотекийн 8 хувийн зээлийг тэглэх саналыг хүргүүллээ

МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр зарлаж иргэдийг бүртгэж эхэлсэн. Иргэдийг бүртгэж дууссан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нийт 30 орчим мянган айл бүртгүүлжээ. Харин уг хөтөлбөрийг УИХ-д суудалгүй МАХН дангаараа хэрэгжүүлэх бус, эрх баригчид хамтран хэрэгжүүлэх ёстой гэж үзэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хамтран ажиллах санал хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.

МАХН-ны Гүйцэтгэх товчооний гишүүн Д.Дуламсүрэн “Сүүлийн хоёр сарын хугацаанд өрх бүрийг орон сууцжуулах бүртгэл хийгээд дууслаа. Хүн амын 1.3 сая нь зээлтэй байна. Энэ байдал нь хүний амьдрах эрхийг ноцтой зөрчиж байна. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж шаардлага хүргэж байна” гэв.

МАХН-ын Төрийн нарийн бичгийн дарга Г.Тулга “Манай нам бүх нийтийг орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд иргэдтэй уулзаж байна. Иргэдэд хийсэн судалгаагаар зээл, зээлийн хүүгийн дарамт, эдийн засгийн дарамт болж байна. Насанд хүрсэн хүмүүсийн 1.3  сая нь тэтгэвэр, цалин, ипотекийн зээлтэй байна.

Өрхийн зарлага орлогоосоо давчихсан байна. Үндсэн хуульд зааснаар иргэн амьд явах ёстой гэж тогтоосон байдаг. Гэтэл өнөөдөр амьд явах арга алга, амьдрах орчин нь хэцүү байна.

Зээл авсан иргэдийн жилийнх нь хүүг тооцоод үзвэл энэ хүмүүс 1,4 их наяд төгрөгийн хүүг банкинд өгч байна. Үүнд төр засгаас анхааралдаа авч бодлого гаргах хэрэгтэй. Тиймээс бид Ерөнхийлөгчтэй хамтран ажиллах саналыг хүргэж байна” гэлээ.

Э.Эрдэнэжамъян “УИХ-аас төсвөө хэлэлцэж байна. Гэтэл гишүүд нь амлалт буюу ард түмэнтэй холбоотой асуудлыг ор тас мартаад байна. Тиймээс сануулж, хамтран ажиллах санал хүргүүлж байгаа юм. Бидний Ерөнхий сайдад тавьж байгаа саналд айл өрхийн амьжиргааг дээшлүүлж, иргэдийн ажлын байраар хангах, мөн орон сууцанд орох хүсэлтэй өрхөөс урьдчилгаа 30 хувийн шаардлага тавихаа болих, орон сууцны үнийг хүүтэй зээлээр авахаа тулгахаа болих, төр засгаас шинэ орон сууцыг худалдан авч, байрны сан үүсгэх, барилгын компаниудтай гэрээ хийх, айл өрх 40 жилийн хугацаанд урьдчилгаа мөнгөгүйгээр оруулах гэх мэт зохицуулалтыг хийж хэрэгжүүлэхийг хүсч байна” гэв.


Тухайлбал, Ерөнхийлөгч Х.Баттулгад хандан Ипотекийн 8 хувийн хүүг тэглэх, хүүнд төлсөн мөнгийг үндсэн төлбөрт тооцох, тэтгэврийн зээлийг тэглэх, зээлийн хүүгийн төлбөрийг тооцож, арилжааны банкуудаас нэг удаагийн нөхөн төлбөр олгохыг хүсэв. Түүнээс гадна Ерөнхийлөгчийн сонгуулиар ялалт байгуулахдаа амлаж байсан амлалтаа биелүүлж ард иргэдийн өрийг тэглэхийг шаардаж, санал хүргүүлж байна. Саналын хариуг долоо хоногийн дотор өгөхийг хүслээ.

ШУУД ҮЗЭХ:

МАХН-аас “Өрх бүрт орон сууц” хөтөлбөр зарлаж иргэдийг бүртгэж эхэлсэн. Иргэдийг бүртгэж дууссан талаараа өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тус хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй нийт 30 орчим мянган айл бүртгүүлжээ. Харин уг хөтөлбөрийг УИХ-д суудалгүй МАХН дангаараа хэрэгжүүлэх бус, эрх баригчид хамтран хэрэгжүүлэх ёстой гэж үзэн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хамтран ажиллах санал хүргүүлж байгаагаа мэдэгдсэн юм.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.