| | USD/MNT 0₮
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал, ЭМД-ын Ерөнхий газрын дарга Г.Баясгалан нартай уулзаж, цаг үеийн болон Нийгмийн бодлогын байнгын хороотой хамтран шийдэх асуудлуудын талаар ярилцлаа.
Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга М.Оюунчимэг цар тахал дэлхий дахиныг түгшээсэн энэ үед аливаа гэнэтийн зүйлд байнга бэлэн байхыг сануулсан хэрэг Чех улсаас эх орондоо ирэх гэсэн оюутан охинтой тохиолдсон үйл явдал харууллаа гэдгийг онцлоод, цаашид иргэд улсын хилээр орж ирэх үед зохион байгуулалтын асуудалдаа анхаарах ёстойг санууллаа. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан эмнэлгийн орны хүрэлцээ байхгүйн улмаас хил нэвтрүүлээгүй гэдэг ташаа мэдээлэл. Халдвартай иргэдийг хүлээн авч эмчлэх 250 ор хүрэлцээгүй болох нөхцөл үүсвэл орыг нэмэгдүүлэх бүрэн боломжтой гэлээ.
Мөн 9-р сарын 1-нээс сургууль, цэцэрлэгийн хичээл эхлэх гэж байгаатай холбоотойгоор эрүүл ахуй, ариутгал халдваргүйжүүлэлтийн ажлыг сайн зохион байгуулахыг Байнгын хорооны дарга сануулсан юм.
Цаг үеийн асуудлаас гадна иргэдийг байнга бухимдуулдаг хөнгөлөлттэй эмийн асуудлыг хэрхэн цэгцлэх талаар холбогдох байгуулагууд анхаарч, нэгдэн ажиллах ёстой. Иргэдэд хөнгөлөлттэй эм ямар нэг чирэгдэлгүй очиж байгаа эсэх, хөнгөлөлттэй эмийг тойрсон ашиг хонжоо олох оролдлого, бизнес арилжааны асуудал үүссэн гэсэн асуудлыг таслан зогсоох хэрэгтэй гэж М.Оюунчимэг санууллаа. ЭМД-ын ерөнхий газрын дарга Г.Баясгалан “Эрүүл мэндийн даатгалын сангаас жороор олгох эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх журам”-ыг өөрчлөх, Гаалийн ерөнхий газартай хамтран ажиллахаас эхлээд яаралтай ажил хэрэг болгох зүйл олон байгаа гэлээ. Хөнгөлөлттэй эмийн асуудлыг шийдвэрлэхэд Нийгмийн бодлогын байнгын хороо бүх талаар дэмжиж ажиллах болно гэдгийг Байнгын хорооны дарга онцоллоо.
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг Нийгмийн даатгалын сангаас Эрүүл мэндийн даатгалын санг салгасан нь зөв алхам байсан. Одоо сангийн үйлчилгээ иргэддээ хүрэх хэрэгтэй байна. Нийгмийн бодлогын байнгын хороо үүнд онцгой анхаарна. Салбар яам болон ЭМД-ын ерөнхий газар тулгамдаж буй асуудал, үндэслэл шаардлагаа зөв гаргаж, Байнгын хороотойгоо ойлголцон ажиллаж чадвал ЭМД-ын тогтолцоог шинэ түвшинд гаргах бүрэн боломжтой гэдгийг уулзалтын төгсгөлд онцоллоо.
"Цар тахлын үед гэнэтийн зүйлд байнга бэлэн байх ёстойг Чехээс эх орондоо ирэх гэсэн оюутан охин санууллаа"