| | USD/MNT 0₮
Хоёр ч хүчингийн хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад холбогдох хэргийн шүүх хурал өчигдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өдрийн 14.30 цагт эхэлж, орой 22:30 цагт дуусч, шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргажээ.
Шүүхээс түүнд холбогдох эхний хэрэгт 1 жил 4 сар, хоёр дахь хэрэгт нь найман сар гээд нийт хоёр жилийн хорих ялыг жирийн хорих ангид биечлэн эдлүүлэхээр оноожээ.
Шүүх хуралдаанд шүүгчээр С.Базарханд, хохирогч Н, А нар ѳмгѳѳлѳгч Б.Мэргэн нарын хамтаар оролцсон бол шүүгдэгч талаас Д.Гантулга болон түүний ѳмгѳѳлѳгч Б.Батбаатар, Ж.Барсбаяр нар оролцлоо.
Шүүгдэгч болон өмгөөлөгчид нь дараагийн шатны шүүхэд давж заалдахаа мэдэгдсэн байна.
Нийслэлийн прокурорын газраас Д.Гантулгад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар "хүчиндэх" гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн, Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг.
Сануулахад, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга нь 2017 оны зургадугаар сард 25 настай эмэгтэйг хүчиндсэн хэрэгт холбогдон, 2018 оны зургаадугаар сард УИХ-ын гишүүний бүрэн эрхээс татгалзах хүсэлтээ гаргаж, гишүүний суудлаасаа бууж байсан юм.
Ийнхүү хоёр жил дамнан шалгагдсан хэрэг шүүхээр шийдвэрлэгдлээ.
УИХ-ын гишүүн асан Д.Гантулгад анхан шатны шүүхээс хоёр жилийн хорих ял оноолоо.