| | USD/MNT 0₮
Сүхбаатар дүүргийн 11 хороонд байрлах “Хангай” хотхоны “Тохилог хангай” СӨХ-ны дарга Г.Гантулга манай сайтад хандлаа.
Тэрбээр “Бэрэн” констракшны барьж ашиглалтад оруулсан “Хангай” хотхоны одоогийн нөхцөл байдал болон зарим нэг “но”-той зүйлийг нь илчилсэн юм. Тус хотхон нь 18 байртай бөгөөд нэг блок байрандаа 700 гаруй айл өрхтэй бөгөөд нийтдээ 2800 гаруй айл өрх оршин сууж байна. Мөн хоёр блокон байр ашиглалтад оруулахаар ажиллаж байгаа бөгөөд ирэх хоёрдугаар сар гэхэд ашиглалтад орчихно гэнэ.
Тодруулбал, дээрх компанитай холбоотой олон ноцтой асуудлын нэг нь бол оршин суугчдынхаа байрны гэрчилгээг банкинд барьцаалж, байгууллагынхаа үйл ажиллагааг явуулаад байгаа аж. Байрны гэрчилгээгээ нэхэж хэл ам хийсэн айлын гэрчилгээг сэмхэн гаргаж өгөөд, хэл ам хийдэггүй, дуугай чимээгүй байдаг айлуудынхаа байрны гэрчилгээг банкинд тавьсан чигээрээ байгаа талаар СӨХ-ны дарга Г.Гантулга ярилаа.
Тэрбээр “Манай энэ СӨХ өнгөрсөн тавдугаар сард бусад байрнаас салж тусдаа ашиглалтад орсон. “Бэрэн” компанийн хууль зөрчсөн зөндөө асуудал бий.
Жишээлбэл, байрны метр квадрат нь дутуу, айлуудын байрны гэрчилгээг гаргаж өгдөггүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн орох, гарах замыг нь шийдвэрлэж өгөөгүй, хөрсний усны нэвчилттэй, дээврээс нь бороо цасны усны дусаал дусдаг гэх мэт олон асуудал их бий.
Байрны гэрчилгээний хувьд гэвэл нийт оршин суугчдын бараг 70 гаруй хувь нь гэрчилгээгээ гар дээрээ гардаж аваагүй байгаа. Зарим нэг айл энэ асуудлаар СӨХ-д ханддаг. Тэгээд бид компанийн холбогдох хүмүүсээс нь тодруулахаар эхнээсээ банкинд байгаа гэрчилгээг нь чөлөөлж байгаа гэхээс өөр зүйл хэлдэггүй. Гэтэл өнөөдрийн байдлаар гэрчилгээгээ чөлөөлүүлээд авсан айл байхгүй. Хүний л амьдрал болсон хойно байрны гэрчилгээгээ авч арилжаа наймаа эрхлэх, эсвэл банкинд өөрсдөө тавьж машин авах хүсэлтэй айлууд байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тэгж чадахгүй байгаа юм.
Бидний өмнөөс байрны гэрчилгээг банкинд тавьчихаад ашиг олоод байна гэж иргэд хардаад байгаа. Энэ компани хийж байгаа ажлаа улсад явуулахын тулд байрны гэрчилгээг Хаан банкны барьцаанд тавьсан байгаа юм. Байр ашиглалтад ороод дөрвөн жил боллоо, гэрчилгээгээ аваагүй, хараагүй ч үгүй айлууд олон байна” гэв.
ШУУД ҮЗЭХ:
"Бэрэн" компани "Хангай" хотхоны оршин суугчдын байрны гэрчилгээг Хаан банкинд тавьж, ажлаа явуулж байна. Хэл ам хийсэн иргэдийн гэрчилгээг сэмхэн чөлөөлж өгч, хэл ам хийдэггүй иргэдийн гэрчилгээг банкны барьцаанд тавьж, ашиг олж байна.