| | USD/MNT 0₮
-БАЯНГОЛД НҮҮРГҮЙ БОЛСОН С.ЭРДЭНИЙН ДАРААГИЙН “ХОРГОДОХ” ГАЗАР НЬ АРХАНГАЙ БОЛОВ УУ-
УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнөхөн Архангай аймгийн АН-ыг хоёр хуваан талцуулж, албан тушаалаараа далайлган өөрийн хүнд өгсөн АН-ын экс дарга С.Эрдэнэ Баянгол дүүргээс УИХ-ын сонгуульд өрсөлдөөд үнэмлэхүй ялагдсан нь саяхан. Тэгвэл түүний дараагийн “хоргодох” газар нь Архангай аймаг болжээ.
Тухайлбал, АН-ын дүрмийг илт зөрчин, гишүүд дэмжигчдийн үзэл бодлыг үл ойшоон өөрийн хүн болох Д.Золжаргалд Архангай аймгийн АН-ын даргын тамгыг гардуулсан нь АН-аас тус аймагт нэр дэвшсэн гурван нөхөрт нь нэлээдгүй хүнд туссан. Угтаа хуучин даргыг нь эвтэйхэн тойглоод УИХ-ын сонгууль өнгөрөөчихсөн бол ядаж Архангайгаас нэг суудал авчих боломж байсныг намын гишүүд нь дээр дооргүй ярьдаг юм билээ. Мөн Д.Золжаргалыгаа УИХ-ын сонгуульд өрсөлдүүлэхээр явуулсан нь бодлогын чанартай, бууриа засах маягтай байсан ч одоо нэгэнт гэрэл цохичихлоо.
Очсон газар бүрээ самарч явдаг С.Эрдэнийг Архангай аймгийн жирийн иргэд байтугай, АН-ын гишүүд, дэмжигчид нь хүлээж авахгүй, Д.Золжаргалыг шар махтай нь хатааж байгаа сурагтай. Учир нь “Архангай аймгийн Ардчилсан намын идэвхитэн гишүүдэд зориулсан сургалт”-ыг зохион байгуулагч нь С.Эрдэнэ, ерөнхий санхүүжүүлэгч нь бас л С.Эрдэнэ учраас тэр.
Нийслэлийн Баянгол дүүргийг бараг л хувьчлаад авчихсан юм шиг аашилдаг түүнийг баянголчууд гурван ч удаа УИХ-ын гишүүнээр, тойрон хүрээлэгчдийг нь 12 жилийн турш Баянгол дүүргийн удирдлагад сонгосон, итгэл хүлээлгэсэн. Энэ бол бага хугацаа биш, тус дүүргийг хөгжүүлэхээр л их хугацаа. Харамсалтай нь С.Эрдэнэ, түүний тойрон хүрээлэгчид хөлжөөд, Баянгол дүүрэг хөгжлийн бараа хараагүй нь бодит үнэн.
Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Ардчилсан нам үнэмлэхүй ялагдал хүлээсэн нь ч С.Эрдэнийн гавьяа. Одоо харин нэг удаа вангадчихъя... С.Эрдэнийн Архангайг дараагийн “хоргодох” газар болгох санаархал нь огт бүтэхгүй. Зүй нь, АН-ыг ялагдуулсан “гавьяа”, Архангайн ардчиллыг булшилсан “ял” хоёр нь түүнд гай болно.
БАЯНГОЛД НҮҮРГҮЙ БОЛСОН С.ЭРДЭНИЙН ДАРААГИЙН “ХОРГОДОХ” ГАЗАР НЬ АРХАНГАЙ