| | USD/MNT 0₮

Үндэсний фронтынхон хоёр генералаа хөөж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонголоо

“Монголын Үндэсний фронт” хөдөлгөөний гишүүд өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гаригт “Эх орон дуудаж байна” жагсаалыг зохион байгуулсан. Харин үүний дараа МҮФ-ын тэргүүн хошууч генерал Б.Баярмагнай фронтын ажлаас хөндийрч байгаагаа өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн билээ.

Тэгвэл энэ асуудалтай холбогдуулан уг хөдөлгөөнийг санаачлагч зохион байгуулагч хоёр генералаа хөөж, Олон улсын тоймч Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгож байгаа талаараа мэдээлэл өглөө.

Монголын Үндэсний фронтын төлөөлөгч хэлэхдээ “МҮФ-ыг байгуулах үеэр генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарын 11 хүн андгай тангараг өргөсөн. Өнөөгийн эрх баригчидтай тэмцэж, Засгийн эрхийг Монголын ард түмэнд авч өгнө гэж андгайлсан. Гэвч фронтоо орхиж байна гэсэн мэдээллийг хараад бид цочирдсон. Гэтэл өчигдөр З.Болдбаатар фронтоос гарч байгаагаа мэдэгдсэн. Тиймээс бид Удирдах зөвлөлийн хурлаа хийж, энэ хоёр генералыг Монголын Үндэсний фронтоос хөөж байна. Ийм урвагчид эх орныг авч явах, Монголын төлөө зүтгэх нүүргүй болсон. Монголчууд урвагч нарт үнэхээр дургүй. Энэ хоёр генерал нэгдсэн ард түмнээ хаяад явсан. Генерал хүн хэзээ ч фронтоо орхидоггүй, тулааны талбараас зугтдаггүй. Тиймээс генерал Б.Баярмагнай, З.Болбаатар нарыг фронтоос хөөлөө. Харин фронтыг тараах эсэхийг Монголын ард түмэн өөрсдөө шийднэ” гэлээ.

Хошууч генерал Б.Баярмагнай бол муухай урвагч юм байна

Хөдөлгөөний гишүүд “Өчигдөр бид хуралдаж үндэсний фронтын тэргүүнээр Ш.Гантулгыг сонгосон шийдвэр гаргалаа. Бид генералуудаар толгойлуулсан байсан. Түүнээс бид төрийн эргэлт хийх гэсэн санаа агуулаагүй юм. Гэтэл өчигдөр З.Болдбаатар генерал нь та нартай үзэл бодол нийлэхгүй байна гэдгээ хэлсэн.  Тиймээс бид хөөсөн юм. Бид бол янз бүрийн гэмт хэрэгт ард түмнийг уриалан дуудаж турхирахгүй. Харин ч төрийн хулгайчдыг зайлуулж цэвэрлэнэ. Улстөр хийх гэж байгаа бол ард түмнээр тоглох ёсгүй. Генерал Б.Баярмагнайн хувьд их муухай урвагч юм байна. Энэ хэдэн хүнийг хаяж болохгүй биз дээ. Бидний ард ямар нэгэн нам эвсэл, нэр нөлөөтэй хүн байхгүй гэдгийг дахин хэлье”.

Хөдөлгөөний тэргүүн Ш.Гантулга “Үндэсний фронт задарч хагараагүй. Монгол Улсыг сөнөөж байгаа авлигачид, 60 тэрбумынхан, ЖДҮ-гийн мөнгийг идэж уусан хулгайчдыг хөөж гаргахын төлөө тууштай ажиллахаар жагссан. Харамсалтай нь генералууд тулааны талбараас зугтаад гарлаа, үнэнч шударга хүмүүс нь үлдсэн учир цаашид тулаанаа үргэлжүүлнэ. Аймхай хулчгарууд нь фронтоо орхидог юм байна. Тиймээс энэ сарын 15-нд буюу баасан гарагт улс эх орныхоо төлөө гэсэн сэтгэлтэй тууштай тэмцэх иргэдийг төв талбайд цуглахыг уриалж байна” гэлээ.

ШУУД ҮЗЭХ:

Монголын үндэсний фронтынхон хоёр генералаа хөөх тогтоол гаргаж, Ш.Гантулгыг тэргүүнээрээ сонгожээ
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.