| | USD/MNT 0₮

Я.СОДБААТАР: ӨВӨЛЖИЛТИЙН АЖИЛД ХҮНДРЭЛ УЧИРСАН ТОХИОЛДОЛД ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО

Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга  Я.Содбаатараар ахлуулсан ажлын хэсэг Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Ажлын хэсэгт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан, Сангийн яамны дэд сайд С.Мөнгөнчимэг, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, бригадын генерал Г.Ариунбуян Цаг уур, орчны шинжилгээний газрын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал зэрэг холбогдох албан тушаалтнууд ажиллаж байна.
 
Ажлын хэсэг хангайн бүсийн аймгуудын засаг дарга нартай уулзалт зөвлөгөөн зохион байгуулж, өвөлжилтийн бэлтгэл ажил, тулгамдсан асуудал, цаашид анхаарах асуудлын талаар ярилцаж зарим асуудлаар нэг ойлголт, шийдэлд хүрэх зорилготойгоор ажиллаж байгаа юм. 
 
Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар уулзалт зөвлөгөөний үеэр УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдаад удаагүй байгаа энэ Засгийн газрыг мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн зорилтоо үр дүнтэй хэрэгжүүлэх, улс орны үндэсний аюулгүй байдал, хүн ам, хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах, шударга ёсыг бэхжүүлэх, төрийн албаны сахилга хариуцлага, дэг журмыг сайжруулах, дэлхий нийтийг хамарсан  цар тахал, түүнээс улбаалсан нийгэм, эдийн засгийн хүндрэлийг хохирол багатай даван туулах, өвөлжилтийн бэлтгэлийг хангах  зэрэг олон арван асуудал, үүрэг, хариуцлага хүлээж байгаа тухай онцолсон. 
 
Хангайн бүсийн аймгуудын засаг дарга нар, холбогдох албаныхантай хийсэн уулзалт зөвлөгөөн дээр Монгол Улсын Шадар сайдын хэлсэн үгнээс хэсэгчлэн хүргэж байна. 
 
"Сүүлийн 3 жилийн байдлаар хангайн бүсийн аймгуудад тохиолдсон 40 удаагийн үер болон усны ослоор 68 хүн амь насаа алдсан бөгөөд энэ оны 6, 7 дугаар саруудад их хэмжээний хур бороо орсон, амралт, аялал зугаалга, иргэдийн хөдөлгөөн ихэссэнээс Булган аймагт 3, Өвөрхангай аймагт 2, Хөвсгөл аймагт 10 хүн усны ослоор, Архангай аймагт 5 хүн зам тээврийн ослоор амь насаа алдаад байна. 
Ховд аймгийн Цэцэг сум, Говь-Алтай аймгийн Төгрөг сумын нутагт  6, 7 дугаар саруудад байгалийн голомтот гоц халдварт тарваган тахал өвчнөөр 3 хүн өвчилж, 1 хүн нас барсан харамсалтай тохиолдол гарлаа. Архангай аймгийн 4, Баянхонгор аймгийн 11, Завхан аймгийн 11, Өвөрхангай аймгийн 4,  Хөвсгөл аймгийн 3 сум тарваган тахлын байгалийн голомттой бөгөөд иргэдийн амралт, зугаалга нэмэгдсэн энэ үед тарваган тахал өвчин тархах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хяналт шалгалтын арга хэмжээг эрчимжүүлэх нь зүйтэй юм.
Энэ жилийн хувьд зуншлага  7 дугаар сарын 20-ны байдлаар нийт нутгийн 50 орчим хувьд сайн, 30 гаруй хувьд дунд, 20 орчим хувьд муу байгаа бөгөөд бүсийн аймгуудаас Баянхонгор аймгийн Баянхонгор, Баян-Өндөр зэрэг 14 сум, Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан, Баянгол, Богд, Гучин-Ус сумын нутгаар муу байна. 
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан аймаг, орон нутгаас  өвс тэжээлийн нөөц бүрдүүлэхэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, мах боловсруулах, малын тэжээл бэлтгэх жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, мах, махан бүтээгдэхүүнийг зах зээлд  борлуулах, сумдын эрүүл мэндийн төвийг шаардлагатай багаж хэрэгсэл, автомашинаар хангах үйл зэрэг хүсэлтийг ирүүлж байна. 
Засгийн газар, Улсын онцгой комиссоос өвөлжилтийн бэлтгэл хангахтай холбогдуулан нөөц боломжоо дайчлан, төсөв, санхүү хүнд байгаа хэдий ч шаардлагатай санхүүжилтийг шийдвэрлэхэд анхаарч ажиллах болно.  
Сүүлийн жилүүдэд уур амьсгалын дулааралтай холбоотойгоор ган, зудын давтамж ихэссэн, малын тоо толгой ихээхэн өссөн, олон аймаг, сумдад бэлчээрийн даац хэтэрсэн өвөлжилтийн бэлтгэлийг хангалтгүй хийсэн зэрэг шалтгаанаар      2000-2002 онд 12.5 сая мал, 2008-2010 онд 13.7 сая толгой мал хорогджээ.  
Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан Засгийн газраас гаргасан тогтоол, шийдвэрийг ажил хэрэг болгоход аймаг, орон нутгийн удирдлага та бүгдийн хүчин чармайлт ихээхэн чухал болохыг сануулъя. 
Ажил хариуцсан хүмүүсээс шалтгаалж, цаг үеийн ажил саатан, өвөлжилтийн ажилд хүндрэл учирсан тохиолдолд холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тооцож ажиллах болно гэдгийг хэлье. 
Хяналт, хариуцлагын тогтолцоог сайжруулах,  тогтоол шийдвэрийн заалт нэг бүрийг бодит ажил хэрэг болгосоноор ирэх өвөл, хаврыг амжилттай даван туулах юм. 
 Мал аж ахуйн өвөлжилтийн бэлтгэл хангахад дараах хэдэн гол асуудалд анхаарч ажиллахыг онцлон хэлье. Үүнд:
- Бэлчээрийн даацад нийцүүлэн мал аж ахуйн өвөлжилт, хаваржилтийг  зохион байгуулах бодлогыг сум, баг бүр гаргаж, даацаас хэтэрсэн малыг хэрхэн өвөлжүүлэх арга замыг тооцон, биелэлтийг хангуулах ажлыг шуурхай зохион байгуулъя. 
- Отроор өөр аймаг, сумын нутагт өвөлжих өрхүүдийг 11 дүгээр сарын 1-ний дотор отор хийх газар нутагт нь очуулж, буудал бууц, хашаа хороо, худаг усны асуудлыг шийдвэрлэсэн байх шаардлагатай. Энэ асуудлыг аймгийн удирдлагууд анхааралдаа авч, сум, багийн түвшинд хүрч ажиллах хэрэгтэй.
 
Улс орны эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа энэ үед малын зүй бус хорогдол, эндэгдэлгүй өвлийг өнтэй давж, хариуцлагагүй, цалгар назгай, залхуугаасаа болж хохирол амсаж улс, орон нутгаас илүү зардал чирэгдэл гаргахгүй байх нь иргэд, малчид, орон нутгийн удирдлага та бидний хариуцлага, хүчин чармайлтаас ихээхэн хамаарах тул үлдэж буй хугацаанд өвлийн бэлтгэлээ цаг алдалгүй сайтар ханган ажиллахыг үүрэг болгож байна" хэмээн онцоллоо.
Я.СОДБААТАР: ӨВӨЛЖИЛТИЙН АЖИЛД ХҮНДРЭЛ УЧИРСАН ТОХИОЛДОЛД ХОЛБОГДОХ АЛБАН ТУШААЛТАНТАЙ ХАТУУ ХАРИУЦЛАГА ТООЦНО
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.