| | USD/MNT 0₮

Нийслэлийн 380 жилийн ойн хүрээнд хийх ёстой Цэцэрлэгт хүрээлэнгүүд хаана байна

Нийслэл хэмээх их айл үүсгэн байгуулагдаад 380 жилийн ойтойгоо энэ жил золголоо. Нийслэлийн уугуул суугуул түмний баярын өдрүүд өнгөрсөн сард өргөн дэлгэр тохиож өнгөрлөө. Түмний баяр гэж дээ, албан байгууллага болоод дарга нар баяр болоод өнгөрсөн нь лавтай. Баярын хүлээн авалт, нээлт гэж цагаан бээлий өмсч, улаан тууз хайчилж хөөрсөн дарга нар олон.

Хүн амын тоо нь хэдийнэ 1.5 сая даваад явчихсан, тэр хэрээрээ олон хүн амтай дэлхийн хотуудын жагсаалтын 400-д бичигдэж байгаа Улаанбаатар хот түүхэндээ Нийслэлийнхээ нэршлийг таван удаа сольж, түүхт ойгоо зургаан удаа тэмдэглэж байжээ.

Нийслэлийн түүхт ойг тэмдэглэхийн тулд хот маань өнгөө сайжруулах, тохижилт хийх, бүтээн байгуулалт өрнүүлэх, хувь нэмэр оруулсан байгууллагуудыг шагнаж урамшуулах, урлагийн том цэнгүүн зохион байгуулах зэргээр олон ажлыг хийдэг уламжлал тогтоод удсан.

Өнөө жил 380 жилийн ойгоор Нийслэлээс ямар ажил хийв. Төрийн их баяр наадам, урлаг соёлынхны том шоу зохион байгуулж, ойд зориулсан үндэсний бөхийн барилдаан болсныг тод санаж байна. Ойн хүрээнд гэж өөр юуг онцлов.

Энэ жил 380 жилийн ойд зориулж Нийслэлээс 2 тэрбум төгрөг төсөвлөж зарцуулсан байна. Энэ мөнгө яг юунд зарцуулагдсан талаарх төсвийн задаргаа судалгаа одоогоор харагдсангүй.

Өнгөрсөн хоёрдугаар сард хотын дарга С.Амарсайханд ойг тэмдэглэн өнгөрүүлэх Ажлын хэсгийн төлөвлөгөөний төсөлтэй холбогдуулан тэргүүлэгчид амлалт өгч байсныг сайн санах юм.

Тухайлбал, 380 жилийн ойг угтаж Нийслэлд ямар бүтээн байгуулалт хийж өрнүүлэх талаар асуултанд Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.АнхмааБүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ойг тэмдэглэх хүрээнд ирсэн ажлууд нэлээд өргөн цар хүрээтэй, төсөв их шаардсан. Тиймээс чухлаас нь эрэмбэлж байгаа. Тухайлбал, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна” гэж ярьж байжээ.

Тэгвэл энэ ажлуудын биелэлт, амлалт өнөөдөр ямар байгаа бол. Тухайлбал, бүх дүүргүүдийг Цэцэрлэгт хүрээлэнтэй болгох, Гандантэгчилэн хийдийг цэцэрлэгжүүлэх ажил хийсэн үү гэдэгт хариулт нэхэж байна.

Нийслэлийн дүүргүүдэд Цэцэрлэгт хүрээлэн байгуулсан уу, баригдаж эхэлсэн үү гэдгийг холбогдох албаныхнаас асууж тодруулав.

Баянзүрх дүүргийн ЗДТГ-аас тодруулахад “Одоогоор хэрэгжиж эхлээгүй байгаа. Гэхдээ манайхаас зураг төслийн ажлаа хийлгээд эхэлсэн” гэхээс өөр дорвиотой зүйл хэлсэнгүй.

Сонгинохайрхан дүүргээс цэцэрлэгт хүрээлэн барьж байгуулсан талаар тодруулахад “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар цэцэрлэгт хүрээлэн байгуулаагүй. Манай ЗДТГ-аас өөрийн нөөц боломжоо ашиглаж хувийн байгууллагатай хамтарч номын сантай хоёр цэцэрлэгт хүрээлэн байгуулсан” гэлээ.

Хан-Уул дүүргээс тодруулахад “Нийслэлийн хөрөнгө оруулалтаар хороодод ажил хийгдэж байгаа. Яг цэцэрлэгт хүрээлэн үү гэдгийг нь сайн мэдэхгүй байна” гэв.

Тэгвэл Төв Гандантэгчилэн хийдийн хэвлэлийн төлөөлөгч Одгарьдаас Гандангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулсан эсэхийг лавлахад “Цэцэрлэгт хүрээлэнгийн ажил явагдаагүй байна. Энэ жилдээ баригдахгүй болов уу. Уг нь Гандангийн дотор талын ногоон байгууламжийг гоё болгож сайжруулахаас гадна тусдаа Гандангийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнтэй болно гэж ярьсан. Энэ жил Дуган хийдийн бүтээн байгуулалт гээд анзаараагүй байх. Гэхдээ ирэх жилээс нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн баригдах болов уу гэсэн горьдлого байгаа” гэв.

Ямартаа ч ойн хүрээнд хийх ёстой гэж “хаяглагдсан” энэ ажил эхлээгүй, дараагийн онтой золгох нь.

Олон нийтэд хардах эрх нь бий. Тэгвэл ойд зориулсан 2 тэрбум төгрөгийг юунд зарцуулсан бэ. Нийслэлд ямар бүтээн байгуулалт хийсэн бэ. Хүндэтгэлийн хүлээн авалт, баяр цэнгүүн, урлаг соёлын арга хэмжээнд зарцуулаад бүтээн байгуулалтын мөнгийг үргүйдүүлээд дуусчихсан юм биш биз дээ.  

 

Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан Засаг даргын орлогч Ш.Анхмаа “Бүх дүүрэгт цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Ойг тэмдэглэх хүрээнд ирсэн ажлууд нэлээд өргөн цар хүрээтэй, төсөв их шаардсан. Тиймээс чухлаас нь эрэмбэлж байгаа. Тухайлбал, бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлж, цэцэрлэгт хамрагдалтыг 80 хувьд хүргэхээр ажиллаж байна” гэж ярьж байжээ.
Нийгэм

Сэтгэгдэл (2)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.