| | USD/MNT 0₮

З.Баянсэлэнгийн дүү бурхан болчихоод байхад ажил явдалд нь оролцуулаагүй гэв

Барилга хот байгууллалтын сайд асан З.Баянсэлэнгийн асуудлаар МАХН-ын гишүүд болон дэмжигчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

СХД-ийн МАХН-ын гишүүд дэмжигчид УИХ-ын гишүүн, сайд асан З.Баянсэлэнгийн талаар мэдээлэл өгөхдөө “Өнгөрсөн 10 сарын 21-ны өдөр шүүхээс өмгөөлөгчөөсөө татгалзсаны төлөө шууд цагдан хорьсон. Тухайн арга хэмжээг хууль зөрчиж явуулсан. Суллачих болов уу гэж хүлээцтэй харлаа, суллахгүй юм байна. Эргэлт ерөөсөө оруулахгүй байгаа. Биеийн байдлын хувьд даралт нь ихэссэн.

Бид ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадоржид хандсан. Тус газраас хорих шаардлагагүй гэсэн бичгийг холбогдох шүүхэд хүргүүлсэн ч дахин нэг бичиг шаардаж, цаг хугацааг хожоод байна. Шүүх хуралд хорихоос шууд авчирч оруулах гээд байгаа учир өмнө нь суллахыг Чингэлтэй дүүргийн шүүгчдээс шаардаж байна.

Өнөөдөр 15 настай охин нь гэртээ ганцаараа байна. Мөн дээр нь Баянсэлэнгэ даргын дүү нь бурхан болсон. Ажил явдалд нь оролцуулж өгөөч гэж ХЭҮК-т албан бичиг хүргүүлсэн. Гэсэн хэдий боловч Чингэлтэй дүүргийн анхан шатны шүүхийн шүүгч энэ үйл ажиллагааг үл ойшоож, дээрх албан бичгийг тоохгүй, бидний хүсэлтийг хүлээж авахгүй байна. Тэгэхээр энэ бол захиалгатай хэрэг. Тийм учраас хэргийн талаар болон холбогдох мэдээллийн талаар та бүхэнд хүргэж байна" гэсэн юм.   

СХД-ийн наймдугаар хорооны иргэн н.Энхтуул “Шүүх хурлын үеэр Баянсэлэнгийн өмгөөлөгч өмгөөлөх боломжгүй гэдгээ хэлсэн. Тиймээс дарга өмгөөлөгчөөсөө татгалзах хүсэлтээ өөрөө гаргасан. Гэвч шүүхээс үйл ажиллагаанд саад учруулсан гээд хорьчихсон. МАНАН-гийн захиалгаар явагдаж байгаа хэрэг.

З.Баянсэлэнгэ болон манай нам Түрээсийн орон сууцыг дахин хэрэгжүүлэхээр үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж эхлэнгүүт цагдан хорилоо. Шүүх үнэхээр шударга бус байна. Тиймээс З.Баянсэлэнгийг суллаж өгөхийг шаардаж байна” гэлээ.

Иргэн Шонхоо “Яагаад дөрвөн шүүгч байгаа юм бэ. Гурван шүүгч байх ёстой гэж асуусны төлөө З.Баянсэлэнгийг хорьсон. Үндсэн хуульд зааснаар айлган сүрдүүлж, эрүү шүүлт тулгаж байгаа нэг хэлбэр. Эрүүл шүүлт тулгаж, хүнлэг бусаар хандаж, нэр төрийг нь доромжилж байна. Баривчилсан шалтгаан нөхцлийг нь хуульд заасан хугацаанд өмгөөлөгч, ар гэрт нь мэдэгдэх ёстой. Гэтэл тэгээгүй юм. Бүтэн өдөржин тамлан зовоосон. Маш хүнлэг бус хандсан. Өсвөрийн насны охин нь тамаа цайж байна. Хэнд ч хорвоогийн ямар ч зовлон тохиолдож байна. Дүү нь бурхан болчихоод байхад ажил явдалд нь оролцуулахгүй байгаа нь хүнлэг бусын нэг хэлбэр.

Үнэндээ бол З.Баянсэлэнгэтэй холбогдох ямар ч асуудал байхгүй. Нотлогдоогүй хэргийн төлөө яллаж байна. Гэтэл Ч.Сайханбилэгийг залуу хүн гэнэн учраас алдаж ажилласан хэмээн зүгээр өнгөрөөж, З.Баянсэлэнгийг яллах гээд улайрах нь ямар учиртай юм бэ” гэв.

Намын дэмжигчид “223 айлын орон сууцыг “Бэрэн” компаниас Засгийн газар авсан болохоос З.Баянсэлэнгэ аваагүй юм. Хоёр Засгийн газрын хамтын ажиллагааны гэрээгээр, Хятадын Ардын банкны санхүүжилтээр Бээжингийн компани шалгарч, харин туслан гүйцэтгэгч нь “Бэрэн” компани сонгогдсон. Гэтэл Засгийн газрын үүрэг даалгавар, шийдвэрийг биелүүлсэний төлөө өнөөдөр яагаад хоригдох ёстой гэж.

Үнэхээр хоримоор байгаа бол Ч.Сайханбилэгийг, тухайн үед Сангийн сайд байсан Б.Болорыг нь хорихгүй яасан юм бэ. Нийслэлийн утааг арилгахын төлөө 223 айлыг орон сууцтай болгож, 1500 өрхийг түрээсийн орон сууцанд оруулж орон сууцанд оруулсан, ард түмний төлөө ажилласан хүнийг яахаараа шударга бусаар хорьж цагддаг юм бэ. Засгийн газар дээр гаргасан тогтоол дээр л З.Баянсэлэнгэ гарын үсэг зурсан. Дундаас нь ашиг хонжоо олсон хүмүүс гадаадад биеэ эмчлүүлж байгаа нэртэй амраад явах нь шударга уу” гэлээ.

 

 

З.Баянсэлэнгийн насанд хүрээгүй охин гэртээ ганцаараа байна. Дээр нь мөн дүү нь бурхан болчихоод байхад ажил явдалд нь оролцуулаагүй.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.