| | USD/MNT 0₮

Т.Баярхүү:Ш.Одончимэгийн хэргийг яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн

Авлигатай тэмцэх газраас сар бүр хийдэг ээлжит хэвлэлийн бага хурлаа өнөөдөр хийлээ.

Хурлаар олны анхааралд байгаа хэргүүдийг шалгах явц, хэргийн шийдвэрлэлт ямар байгаа талаар мэдээлсэн бөгөөд зарим хэргийг Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүүгээс тодрууллаа.

-Нийслэлийн иновацийн газрын дарга Б.Бат-Эрдэнэ байгууллагынхаа санхүүг хувийн дансаараа дамжуулан авдаг байсан асуудлыг танайхаас шалгаж байгаа юу?

-Энэ асуудлыг тодруулж байж мэдээлэл өгье. Ямар Б.Бат-Эрдэнэ юм бол сайн мэдэхгүй байна. Нэрийг нь мэдэхгүй юм.

-Нийслэлийн худалдан авах үйл ажиллагааны газрын дарга Д.Энхжаргалд холбогдох авлигын хэрэг хаана байна вэ?

-Би сайн мэдэхгүй байна.

-10 удаагийн үйлдлээр 1,5 тэрбум төгрөг угаасан Нийслэлийн нийтлэг үйлчилгээний газрын дарга Ш.Одончимэгт холбогдох хэрэг юу болов?

-Таван жилийн хугацаанд шалгагдсан хэрэг гээд мөн үү. Энэ хэрэг шалгагдаж дуусаад хэргийг нь прокурорт шилжүүлсэн. Харин прокуророос шүүхэд шилжүүлсэн байсан.

-Нийслэлийн өмчийн харилцааны газрын орлогч дарга Д.Ариунбаатар хувьдаа 7 байр завшсан гэх асуудал байгаа юу?

-Энэ хүний талаар ямар ч мэдээлэл алга.

-Танайд шалгагдаж байгаа эрүүгийн хэргүүд шүү дээ?

-Манайд 400 гаруй хэрэг шалгагдаж байна. Тэр бүгдийнх нь нэрийг хэргийг цээжлэх боломж байхгүй.

-Авлига албан тушаалын хэрэгт холбогдсон аймгуудын Засаг дарга нарт холбогдох хавтаст хэргүүдийн талаар мэдээлэл байна уу?

-Тийм мэдээлэл байхгүй.

-Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадралд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон юмуу?

-Хэрэгсэхгүй болгоогүй, шалгаж дуусад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн.  

-Сэргээш хэрэглэсэн бөхчүүдийн асуудлыг танайхаас шалгаж байгаа юмуу?

-Бөхчүүдийн асуудал нь бол тусдаа. Манай дээр шинжилгээний сорьц авахдаа хольж сольдог байсан уу гэх асуудалд албан тушаалтнуудыг шалгаж байгаа. Сэргээш хэрэглэсэн бөхчүүдэд хариуцлага тооцох асуудал бол өөр байгууллагын асуудал.

-ЖДҮХС-аас найман гишүүн зээл авсан юмуу. Эсвэл найман аж ахуйн нэгжийн зээлийн асуудал уу. Түүнээс гадна сангийн ажилтнуудад холбогдох хэргийг шалгаад дууссан уу?

-Гишүүдтэй холбоотой гэх нь хаашаа юм. Харин албан тушаалтнуудтай холбоотой аж ахуйн нэгжүүд байгаа. Харин дээрх найм дотор УИХ-ын гишүүд байгаа эсэх нь шалгалтын явцад тодорхой болох байх. Найман гишүүн гэж яригдаагүй шүү. Сайд асан Б.Батзориг болон ЖДҮХС-ийн зээлийн мэргэжилтнүүдэд холбогдох хэргийг шалгаж дуусаад шүүхэд шилжүүлсэн байгаа.  

-Бага хүүтэй зээл аваад, өндөр хүүтэй хадгаламжтай ББСБ-руу шилжүүлсэн гэх асуудалд ямар компани аж ахуйн нэгжүүд байгаа юм бэ?

-ЖДҮХС-гийн санхүүжилтэд хамрагдсан иргэн, ААН-үүд дотор барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхэлдэг ББСБ, ХЗХ-той хамаарал бүхий 34, албан тушаалтнуудтай холбоотой 11 иргэн, ААН байгааг тогтоож, ААН-үүдэд мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй үйлдэл байгаа эсэхийг тогтоох зорилгоор тухайн байгууллагуудын дансны гүйлгээнд шалгалт хийсэн.

Тухайлбал, санхүүжилт авсан ААН-үүд дундаас 34 нь ББСБ, ХЗХ-той ямар нэгэн байдлаар холбоотой.  Тэднээс 11 нь албан тушаалтантай холбоотой юм. Шалгалтын явцад өндөр хүүтэй хадгаламжид мөнгө байршуулсан найман тохиолдол тогтоосныг шалгаж байна.  

ЖДҮХС-гаас авсан зээлээ зориулалтын бусаар ашигласан гэх хэргийг тусад нь шалгаж байгаа. Тухайлбал, “Уран Сэлэнгэ” ХХК, “Цагийн эрч” ХХК, “Грийн тауэр” ХХК, “Намжсод” ХХК, “Цамбагарав трейд” ХХК, “Эс Эл Эм И” ХХК, “Жигүүрт хөсөг” ХХК, “Тэ Бэ Эм Тэ” ХХК гэсэн найман ААН авсан зээлээ өндөр хүүтэй хадгаламжид бүтнээр нь болон зарим хэсгийг нь байршуулсан байсан.

 -УБТЗ нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаад холбогдох хэргийг удаан хугацаанд шалгаж байна?

-АТГ-ын даргын тушаалаар Ажлын хэсэг байгуулагдан Д.Жигжиднямааг шалгаж байна. Тодорхой хэмжээнд шалгах асуудал байгаа учраас цаг хугацаа орно.  

-УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэнд холбогдох авлигын хэрэг танай дээр бий юу?

-Хэрэг бүртгэл нээсэн шалгаж байгаа.

-"Фортуна" Н.Батбаярын хэрэг юу болж байгаа вэ?

-Манайхаас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурор руу шилжүүлсэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болсон байна билээ.

-УИХ-ын гишүүн М, Х нар мөрийтэй тоглосон гэсэн. Энэ хэргийн талаар тодруулга өгөөч?

 -Зөрчлийн тухай хуулиар шийдэгдэнэ. АТГ-т ийм хэрэг шалгагдаагүй.

-Салхитын мөнгөний ордтой холбоотой 17 шүүгчийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт 17 шүүгч холбоотой гэх ташаа мэдээлэл цацагдсан. Анхнаасаа энэ хэрэгт 6 шүүгч холбогдсон бусад шүүгчдийг өөр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

-Бусад шүүгчид нь ямар хэргээр шалгагдаж байгаа вэ?

-Зарим нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх гэмт хэргийн шинжтэй үйлдлээр шалгагдаж байгаа.

-Гавьяат хуульч Л.Бямбаа агсны хүү С.Төмөрбат шүүгчийг авчрах асуудал юу болж байна?

-Эх оронд нь авчрах асуудал яригдаж байгаа.  

-Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж нарыг Солонгос улсын иргэн залилсан хэргээр шалгаж эхэлсэн үү?

-“Ачит ихт” компанитай холбоотой асуудал шалгагдаж байна. Хэрэг бүртгэл нээсэн тодорхой хэмжээнд ажиллагаа хийгдэж байгаа.

-Хуульзүйн сайд асан Д.Дорлигжавын хэрэг?

-Шалгах хугацаа орж байгаа учраас удаашралтай байна

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат АТГ-аас шалгаж байгаа гэх мэдээлэл цацагдсан. Энэ үнэн үү? 

-Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийг шалгаж байгаа. Албан тушаалаа ашигласан урвуулсан бусдад давуу байдал үзүүлсэн буюу Тост тосон бумбад лиценз олгосон асуудлаар шалгаж байна.

-Оюутолгойн гэрээтэй холбоотой хэрэг юу болсон бэ?  

-Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар С.Баяр, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүлсэн байна.

-Ч.Сайханбилэг хилээр гараад явсан гэх мэдээлэл байна. Хилийн хориг цуцлагдсан юмуу?

-Гадаадад эмчилгээ хийлгэж байгаа талаар манайд мэдээлэл ирүүлсэн. Эмчилгээ хийлгэх шаардлагатай байна гэсэн хүсэлтээ шүүхэд гаргасан учраас хилийн хоригийг цуцалсан юм билээ.

 

 

 

Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт холбогдсон нэр бүхий зургаан шүүгчийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлсэн. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт 17 шүүгч холбоотой гэх ташаа мэдээлэл цацагдсан. Анхнаасаа энэ хэрэгт 6 шүүгч холбогдсон бусад шүүгчдийг өөр хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Нийгэм

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.