ШИНЭ САЙД НАРЫН ЧИМЭЭ
Шинэ яамтай Засгийн газрын бүтэц батлагдлаа. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд БСШУСЯ-ыг хувааж, Боловсрол, шинжлэх ухааны яам, Соёлын яам хэмээн нэрийдэж, нийт 14 яам, 17 сайдтай байхаар шийдвэрлэсэн. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх, сайд нараа томилох, чөлөөлөх эрх мэдлийг олгосон. Энэ зарчмаар Засгийн газрын гишүүдийг томилох нь У.Хүрэлсүхийн бүрэн эрхийн асуудал болж хувирсан. Үүний цаана сайдад горилогчдын "тулаан" хөшигний ард явагдаж буй бололтой. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болоод цахим орчинд бие биенээ доош нь татах, харлуулах пиар явагдаад эхэлчихэж.
Үүгээр ч зогсохгүй дээрх хуулиар үндсэн чиг үүргийн дөрвөн сайд л давхар дээлтэй байхаар хуульчилсан. Тэгвэл тус дөрвөн сайд хэн бэ?
Юуны өмнө МАН-ын дарга У.Хүрэлсүх Ерөнхий сайдаар улиран сонгогдсон тул УИХ, Засгийн газрын гишүүнээр давхар ажиллахаар болсон. Дараа нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ногоон гэрлээр дахин томилогдох нь дамжиггүй. Учир нь түүнийг Ерөнхий сайдын зүүн гар гэлцдэг бөгөөд Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгийг авдаг гэх яриа ч бий.
Дараагаар нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатарыг улираах хүсэлтэй байгаагаа У.Хүрэлсүх илэрхийлсэн. Харин бусдыг нь давхар дээлгүй буюу танхимын гаднаас томилох тухай бор шувуу Төрийн ордноор жиргэж эхэлжээ. Өөрөөр хэлбэл, гишүүнийхээ ажлыг л сайн хий гэж намын дарга үүрэгдсэн гэнэ. Тэгвэл бусад сайд нарт хэн хэн томилогдох вэ?
- Монгол Улсын Шадар сайдад Ө.Энхтүвшин, Т.Тэрбишдагва, С.Амарсайхан,
- Эрчим хүчний сайдад "Эрдэнэс Монгол"-ын П.Ганхүү,
- ХХААХҮ-ийн сайдаар Ч.Улааныг улирааж магадгүй гэсэн ч гишүүн асан Д.Тэрбишдагвын нэр ч яригдаж эхэлсэн. Учир нь Д.Тэрбишдагва сонгуулийн сурталчилгааны үеэр "би УИХ-д нэр дэвшихгүй, гэхдээ улс төрөөс явахгүй" хэмээн хэлсэн нь дээрх таамгыг улам баталж байгаа юм.
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ТНБД Г.Өнөрбаяр болон А.Ариунзаяа,
- УУХҮ-ийн сайдаар Я.Содбаатар, "ЭТТ" ХК-ийн захирал Б.Ганхуяг,
- Шинээр байгуулах Соёлын сайдаар Боловсролын яамны дэд сайд Г.Ганбаяр,
- Боловсрол, шинжлэх ухааны сайдаар Ө.Энхтүвшин, Ш.Төмөрбаатар,
- БХБ-ын сайдаар тус яамны дэд сайд Б.Мөнхбаатар, ТНБД С.Магнайсүрэн,
- Эрүүл мэндийн сайдаар Улсын нэгдүгээр эмнэлгийн захирал Т.Мөнхсайхан, Ж.Чинбүрэн нарын нэрс яригдаж байна. Үүнээс гадна коронавирусийн цар тахлын үед хангалттай сайн ажилласан Б.Сарангэрэлийг ч улирааж магадгүй аж.
- Зам, тээвэр хөгжлийн сайдад Б.Цэнгэл, Я.Содбаатар, Ж.Бат-Эрдэнэ нарын нэрс яригдаж байгаа ч Д.Хаянхярваа мөн өөрийгөө зүтгүүлж яваа сурагтай.
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар, С.Бямбацогт нар сайдын суудалд горилж яваа.
- Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Н.Цэрэнбат дахихаар горилж буй.
- Батлан хамгаалахын сайдад Ж.Энхбаярын нэр яригдаж байна. Учир нь түүнийг Засгийн газрын гишүүнд томилохоор нэрийг нь дэвшүүлээгүй гэх яриа ч бий.
- Гадаад харилцааны сайдад Д.Цогтбаатарыг улирч магадгүй гэсэн бор шувуу нисч эхэлсэн ч Д.Зоригт нэрээ зүтгүүлэн хөөцөлдөж яваа гэнэ.
Түүнчлэн Ерөнхийлөгчийн зүгээс дөрвөн ч сайдын суудал авахаар тохирч байгаа гэх яриа тархах болов. Хэрвээ ингэхээр болбол Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Д.Сумъяабазарыг Ерөнхийлөгчийн зүгээр улираах санал орж ирж магадгүй.
ШИНЭ САЙД НАРЫН ЧИМЭЭ