| | USD/MNT 0₮
Дархан-Улаанбаатар чиглэлийн зам засварын ажил энэ ондоо багтаж бүрэн гүйцэд дууссангүй. Тиймээс энэ сарын 01-нээс эхэлж тус замыг шороогоор нь нээж хөдөлгөөнийг явуулж эхэлсэн байгаа юм.
Тэгвэл энэ чиглэлийн зам яагаад заасан хугацаандаа ашиглалтад ороогүй талаар Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд дараах тайлбарыг хийлээ.
Тэрбээр “Дархан-Улаанбаатар чиглэлийн замыг арваннэгдүгээр сарын 01-нд бүх хучилтыг хийгээд хөдөлгөөнийг нээхээр төлөвлөж ажилласан. Хөдөлгөөнийг нээнэ ч гэж амласан.
Гэвч энэ хэрэгжилтийн явцад алдаа гарсан, удааширалтай зүйлүүд гарсан учраас бид энэ төлөвлөсөн хугацаандаа хэрэгжиж амжаагүй, өнөөдрийн байдлаар шинээр хучилт тавигдсан 13 орчим км зам, бид нар амжихгүй гээд сүүлдээ хучилтыг нь хуулуулаагүй хуучин хэвээрээ явж байгаа 88 км зам, хучиж амжаагүй 101 км-ийн далантай замын хөдөлгөөнийг хуучин трассаар нь явуулах хэрэгтэй гэж үзээд аюулгүй байдлыг нь хангах ажлыг хийгээд хөдөлгөөнийг нээсэн байгаа. Засгийн газрын хуралдаанаас үүрэг өгсөн. Энэ өвөлдөө бэлтгэлээ сайн хангаад ирэх гурав болон дөрөвдүгээр сард ажилд гарсан байгаарай гэсэн. Гэрээний хугацаа бол ерөнхийдөө зургадугаар сарын 10-ны дотор дуусч байгаа. Тиймээс энэ хугацаандаа заавал оруулж амжаарай гэсэн үүрэг даалгавар өгсөн. Үүргийн дагуу ажиллах болно” гэв.
Засгийн газраас энэ өвөлдөө бэлтгэлээ сайн хангаад ирэх гурав болон дөрөвдүгээр сард ажилд гарсан байх үүрэг даалгаварыг Зам тээвэр хөгжлийн яаманд өгчээ.