| | USD/MNT 0₮

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас нийслэлд ГУРАВ, орон нутагт ТАВАН хүний амь нас хохирчээ

Энэ долоо хоногт Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 1126 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 799 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Уг ослын улмаас 23 хүн гэмтсэний долоо нь хүүхэд байна. Тэгвэл ноцтой зам тээврийн ослын улмаас нийслэлд гурав, орон нутагт таван хүний амь нас хохирчээ. Тухайлбал, энэ сарын 29-ний шөнийн 00 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Баянцагаан сумын нутаг дэвсгэрт асфальтан замд Honda Fit маркийн Э жолоочтой автомашин Sinotruck маркийн Ө жолоочтой ачааны автомашиныг мөргөж, Honda Fit маркийн жолооч 50 настай, эрэгтэй Э-гийн амь нас хохирсон бол 30-нд Увс аймгийн Хяргас сумд Kia Granbird маркийн Н жолоочтой автомашин явган зорчигч долоон настай хүүг мөргөж, амь насыг нь хохироосон байна.

Үүгээр ч зогсохгүй согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 19 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. 

Энэ 7 хоногт бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага мэдээлэл 1,6 хувиар, бүртгэгдсэн зам тээврийн осол 15,2 хувиар, ослын улмаас гэмтсэн хүн 47,8 хувиар,  ослын улмаас хүний амь нас хохирсон осол, хэрэг  75 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Иймд замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн замын хөдөлгөөний дүрмийн өөрт хамааралтай заалт, шаардлагыг сахин биелүүлж, явган зорчигч нь явган хүний гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарч хэвших, жолооч явган хүний гарцан дээр зам тавьж өгсөн тохиолдолд зорчих хэсэг дээр алгуурлалгүй, түргэн шуурхай зам хөндлөн гарах, мөн чихэвч зүүсэн үедээ зам хөндлөн гарахгүй байхыг анхааруулж байна.

Энэ долоо хоногт зам тээврийн ослын улмаас нийслэлд ГУРАВ, орон нутагт ТАВАН хүний амь нас хохирчээ
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.