Нийслэлийг удирдах дараагийн дарга хэн бэ
УИХ-ын 2020 оны сонгуульд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан Налайх Багахангай, Багануур дүүргээс нэр дэвшин ялалт байгуулсан билээ. Иймээс түүний оронд дараагийн хотын дарга хэн болох вэ гэсэн таамаг олон нийтийн дунд өрнөж байна. Мөн дараагийн даргын марафон ч эхэлсэн байна.
Хамгийн их магадлалтай хүмүүсийн тоонд НИТХ-ын дарга Р.Дагва, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын нэрс яригдаж байна. Тэгвэл тэдний хэн нь дараагийн Засаг даргад тэнцэх вэ?
Д.Сумъяабазар сайдын ойрын хүн Р.Дагва
НИТХ-ын дарга Р.Дагва нь эрхзүйч мэргэжилтэй. 2006 оноос МҮОНРТелевизэд хүний нөөцийн албаны дарга, 2007 оноос НЗДТГ-т Хэвлэл мэдээллийн албаны дарга, 2010 оноос Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын орлогчоор ажиллаж байжээ.
Улмаар 2016 онд НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож, 2018 онд НИТХ-ын МАН-ын бүлгийн дарга, 2019 онд НИТХ-ын даргаар томилогдсон. Түүнийг Уул уурхайн сайд Д.Сумъяабазарын ойрын хүн нь бий.
Өнөөдрийн байдлаар НИТХ даргаас өөр ямар нэг давхар ажил үүрэг, хувийн компанигүй. Жилийн 89 сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 30 гаруй сая төгрөгийн орлого олдог. 330 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай, 191 сая төгрөгөөр үнэлэгдэх 2 машинтай, 71 сая төгрөгийн газар 40 сая төгрөгийн үнэт эдлэлтэй, дансандаа 16 сая төгрөгтэй хэмээн ХОМ-ээ бөглөсөн байх.
Түүний хувьд дээр хэлсэнчлэн Д.Сумъяабазар сайдын татаасаар нэлээд сайн дэвшсэн ч нийслэлийн Засаг дарга болоход туршлага, хурд дутах нэгэн гэж дүгнэх хүн олон бий. Гэнэт л төрийн албанд томилогдож НИТХ-ын дарга болтлоо дэвшсэн түүний нэр ийнхүү хотын дарга болох магадлалтай хүмүүсийн тоонд ороод байна.
Залуу үеийн төлөөлөл Б.Отгонсүх
С.Амарсайхан багтаа Б.Отгонсүхийг Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар авсан. Харин одоо тэрбээр хотын дараагийн дарга болох хүнээр яригдаж байна. Тэрээр НИТХ-ын төлөөлөгчөөс гадна Эгийн голын усан цахилгаан станцын төслийг удирдаж байсан.
Мөн намын анхан шатнаас нь ажилласан Б.Отгонсүх нь Олон улсын хүний эрхийн хуульч мэргэжилтэй. Өнгөрсөн хугацаанд томоохон төслүүдийг гардан хийж гүйцэтгэсэн гээд хийсэн ажлыг нь харахад хотын даргын албыг хариуцлагатай хаших нэгэн.
Түүний хувьд жилдээ 100-300 гаруй сая төгрөгийн орлого олдог. Харин гэр бүлийн гишүүд нь 22 сая төгрөгийн орлоготой, 661 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.
ББСБ-тай хотын орлогч Ж.Батбаясгалан
Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хотын даргаар томилогдох магадлалтай хүмүүсийн нэг. Ж.Батбаясгалан нь Эрх зүйч мэргэжилтэй. 2004 оноос улстөрийн болон төрийн алба хашсан нэгэн юм.
Ж.Батбаясгалангийн хувьд жилээс жилд хөрөнгө орлого нь нэмэгдсээр байгааг ХОМ-ээс харж болно. Жилийн 100 гаруй сая төгрөгийн орлоготой, гэр бүлийн гишүүд нь 200 гаруй сая төгрөгийн орлоготой. Нэг зуслангийн байшин, нэг орон сууцтай. Эдгээр 355 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. 55 сая төгрөгийн үнэлгээтэй машинтай, 100 гаруй сая төгрөгийн үнэлгээ бүхий малтай, долоо байршилд газартай ч үнэлээгүй. 60 сая төгрөгийн үнэт эдлэл 175 сая төгрөгийн хадгаламжтай, "Алтан хот" ББСБ-ыг эзэмшдэг.
Эх сурвалж:Оллоо.мн
Хамгийн их магадлалтай хүмүүсийн тоонд НИТХ-ын дарга Р.Дагва, Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх нарын нэрс яригдаж байна. Тэгвэл тэдний хэн нь дараагийн Засаг даргад тэнцэх бол.