| | USD/MNT 0₮
УИХ-ын найм дахь удаагийн сонгуулийг зохион байгуулж явуулсан талаарх дүнг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өнөөдөр (2020.06.29) өргөн барив.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Сонгуулийн ерөнхий хороо 2020 оны Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Сонгуулийн төв байгууллагын тухай, Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулиудын дагуу хуулийн хүрээнд амжилттай зохион байгууллаа.
Сонгуулийн ерөнхий хороо хуульд заасны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн санал хураалтын дүнг үндэслэн тухайн тойрогт нийт нэр дэвшигчийг авсан саналынх нь тоогоор дараалалд оруулан жагсаалт гаргаж хуралдаанаараа хэлэлцээд хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсонд тооцож өнөөдөр үнэмлэхийг нь олголоо гээд Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнг Улсын Их Хурлын даргад гардуулав.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар найм дахь Улсын Их Хурлыг сонгох ээлжит сонгуулийг хуулийн хүрээнд амжилттай зохион байгуулсан Сонгуулийн ерөнхий хорооны бүх гишүүд, нийт хамт олон талархал илэрхийлэв.
Улсын Их Хурлын дарга энэ үеэр сонгуулийн зарим хэсэгт хийсэн хяналтын тооллогын үр дүнгийн талаар тодруулж асуусан юм.
Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн Улсын Их Хурлын даргын асуултад өгсөн хариултдаа, санал авах ажиллагаа дууссаны дараа сум, дүүргийн сонгуулийн хороо харьяа бүх хэсгийн 50 хүртэл хувийг нь санамсаргүй сонголтын аргаар сонгож, хяналтын тооллого хийхээр хуульд заасны дагуу 2020 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 22 цаг болмогц сонгуульд оролцож байгаа нам, эвслийн ажиглагчдаар сум, дүүргийн харьяа хэсгийн дугааруудыг сугалуулан сонгогдсон хэсгүүдэд хяналтын тооллого хийсэн.
Улсын хэмжээний сонгуулийн 2070 хэсгийн 42 хувь буюу 846 хэсэгт хяналтын тооллого хийхэд санал тоолох төхөөрөмжийн үр дүнгийн тайлангийн дүн хяналтын тооллогын дүнтэй тохирсон тухай аймаг, нийслэлийн сонгуулийн хороод мэдээлсэн.
Харин Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалтын үр дүнтэй холбогдуулан зарим нам, эвсэл, нэр дэвшигчдийн зүгээс Монгол Улсын Ерөнхийлөгчид болон Сонгуулийн ерөнхий хороонд хандаж гаргасан гомдол, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Сонгуулийн ерөнхий хороонд өгсөн үүрэг даалгаврын дагуу сонгуулийн 12 тойргийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллого хийхэд санал хураалтын дүнтэй тохирсон. Ямар нэг зөрүү гараагүй.
Нэмэлт хяналтын тооллогыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн 645 ажиглагчийг оролцуулан цагдаагийн хамгаалалт, тагнуулын байгууллагын хяналтын дор зохион байгуулсан. Гомдол гаргасан нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын дүнг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан. Мөн сонгуулийн 164 хэсэгт нэмэлт хяналтын тооллогыг зохион байгуулах ажилд төрийн 2247 албан хаагч оролцож ажилласныг дурдлаа гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв