| | USD/MNT 0₮
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн нэгдүгээр сард мансууруулах бодис оруулж ирж, худалдан борлуулдаг Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрвөн иргэнийг баривчлан, эд мөрийн баримт болох 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бодис хураан авсан билээ.
Дээрх этгээдүүдэд холбогдох шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр болох байсан ч хойшилжээ.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Адекола Олавасен Азеез, Анози Дарлингтон Дон, У.Ариунзул нарт холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр хийх байсан ч шүүгдэгч У.Ариунзул шинээр өмгөөлөгч авсан бөгөөд уг өмгөөлөгч хэргийн материалтай танилцах хүсэлт гаргасан тул шүүх хуралдааныг 12 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг хүртэл хойшлуулсан байна.
Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн 18.5-3 дахь хэсгийн “Улсын хилээр мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар нэвтрүүлсэн”, 20.7-2 дахь хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгоор хууль бусаар олж авч, хадгалсан, тээвэрлэсэн, борлуулсан” гэх хэргээр шүүнэ.
Дээрх дөрвөн хүн маш их хэмжээний “мөс”-ийг Тайландаас олон улсын шуудан илгээмж болон өмнөд хөршөөс ирж буй Монголыг чиглэсэн хүмүүсээр дамжуулан хил нэвтрүүлдэг, улмаар залууст зардаг байсан нь тогтоогдсон билээ.
Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас өнгөрсөн нэгдүгээр сард мансууруулах бодис оруулж ирж, худалдан борлуулдаг Холбооны Бүгд Найрамдах Нигери улсын дөрвөн иргэнийг баривчлан, эд мөрийн баримт болох 500 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэх бодис хураан авсан билээ