| | USD/MNT 0₮
УИХ-ын чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал, ОХУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайдад Дуламсүрэнгийн Даваа, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Шагдарын Батцэцэг, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Амарсанаагийн Төмөр, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Түвдэндоржийн Жанабазар, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Бархасын Дорж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдад Воршиловын Энхболд нарыг томилохоор Ерөнхийлөгч зөвшилцөхөөр хүргүүлснийг УИХ хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар дэмжлээ.
Эдгээр албан хаагчид нь дипломат албанд олон жил ажилласан, мэргэжлийн өндөр ур чадвартай, гадаад хэлний мэдлэгтэй, төрийн болон дипломат албыг бүрэн хангасан гэж Ерөнхийлөгч үзсэн байна.
Ийнхүү зургаан Элчин сайдыг томилж байгаа бол үлдсэн сайдуудын асуудлыг Ерөнхийлөгч судалж байгаа, удахгүй оруулж ирж хэлэлцэнэ гэдгийг эх сурвалж хэллээ.
Элчин сайдууд гэдэг эрх ямба эдлэхээр явдаггүй юм шүү
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ “Монгол Улсын нэр хүнд гадаадад их эвгүй байдалд ордог боллоо. Хар тамхи, хууль бус худалдаа наймаа гаарч байна. Үүнд гадаад болон манай яам хоорондын хамтын ажиллагаа, хяналт сул байгааг харуулж байна. Элчин сайдын яам, сайдуудын үүрэг хариуцлага тааруу байна. ГХЯ-наас томилолт авч яваад тэр чигтээ алга болсон хүмүүс бий. Тэгээд янз бүрийн хууль бус наймаа, хар тамхи тээвэрлэсэн гэх асуудалд их холбогдож байна. Д.Даваа даргад хэлэхэд ОХУ-д Монголоо төлөөлж сууна гэдэг амар ажил бишээ. Бүх юмны гол цэг Москва болсон шүү. Хууль бус хориотой наймааны гол дамжуулагч, борлуулагч болж байна. Асуудал их. Тиймээс ийм үйл ажиллагаанд хяналт тавьж сайн ажиллаарай. Элчин сайд бол эрх ямба эдлэх гэж явдаггүй юм. Монгол Улсаа төлөөлж явж байгаа шүү гэдгээ сайн ухамсарлаарай” гэв.
Олон улс дахь Монголын нэр хүнд сайнгүй байна
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Энэ орж ирж байгаа хүмүүсийг дэмжиж байгаа. УИХ ч томилоод л явуулдаг. Хэл ам нь томилогдсноос хойш гарч ирдэг. Олон улс дахь Монголын нэр хүнд сайнгүй байна. Улсынхаа нэр хүндийг сэвтээхгүй, хариуцлагатай байх, хуулийн дагуу ажиллах, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах ёстой хүмүүс бол гадаад улсад төлөөлж сууж байгаа дипломатууд та бүхэн шүү. Харамсалтай нь хариуцлагатай ажиллаж чадахгүй байгаа. Үүнд онцгой анхаарч ажиллах ёстой шүү. Хоёрдугаарт, татагдаж байгаа хүмүүсийн үр дүнг нь хэлэлцэн байж, дараагийн томилогдож буй хүнд албан тушаалыг нь өгдөг баймаар байна. Ийм хууль журам байгаа ч харамсалтай нь хэрэгжүүлэхгүй байна”
Элчин сайдгүй байгаа газарт түр хамаарагчид нь хариуцаж байна
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Элчин сайдгүй байгаа газарт түр хамаарагчид ажлаа хариуцаад хийж байгаа. Тэндхийн ажил хэвийн үргэлжилдэг. Гадаад бодлогын онцлог угаасаа түр хамаарагч нь ажлаа хариуцаад тасралтгүй үргэлжлүүлж байдаг юм. Өмнөд Солонгосын Элчин сайд татагдаад сар гаруй болж байна.
Элчин сайдаар төрийн өндөр албан тушаал хашиж байсан, гадаад харилцааны салбарт ажиллаж байсан хүмүүсийг сонгож явуулдаг.
Монгол Улсын дипломат харилцаа зөвхөн ГХЯ-ны хүрээнд бус өөр олон салбар үүнд ордог. Манай батлан хамгаалахын салбар энхийг сахиулах үйл ажиллагаанд ордог болсноор дипломат үйл ажиллагааг хамгийн бодитойгоор дэмжиж, гадаад харилцаагаа хамгийн амжилттай хөгжүүлж байгаа төрийн салбарын нэг. Тэр ч үүднээс Д.Даваа генералын нэрийг оруулж ирсэн. Нөгөө талаас хувь хүний хувьд Оросуудтай олон жил хамтарч ойлголцож ажилласан. Цолуудыг харьцуулж үзэхэд Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нь генералтай дүйцэх цол гэж үздэг. Тиймээс Д.Даваа генералыг өөрийнхөө ажиллаж байсан салбарт аль хэдийнэ Элчин сайдаар томилогдох цолоо авчихсан хүн гэж үзсэн” гэв.
УИХ-ын өнөөдрийн чуулганаар Элчин сайдыг эгүүлэн татах, томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.