| | USD/MNT 0₮
Монголчууд найм дахь удаагаа УИХ-ын сонгуулиа хийж, улс төрийн ууган хүчин МАН өмнөх сонгуулийн амжилтаа бататгаж, 62 суудал аван үнэмлэхүй ялалт байгуулав.
Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багт итгэл үзүүлсэн ард түмний энэхүү сонголтод Ардын намынхан өөрсдөө ч итгэж ядан баярлаж буй нь нууц биш. Учир нь парламентын засаглалтай ардчилсан Монгол Улсын өнгөрсөн 30 жилийн түүхэнд нэг нам засгийн эрхэнд улиран сонгогдож байсан удаа нэг ч үгүй билээ. Тэгвэл ардчилал 30 жилд төлөвшин ирж буйтай зэрэгцэн сонгогчдын боловсрол, үзэл бодол ч өөрчлөгдөж, сонголтоо маш няхуур хийдэг болсныг энэ удаагийн УИХ-ын сонгуулийн санал хураалтын үр дүн харуулж байна.
Иргэд мэдээж зүгээр ч нэг ийм сонголт хийхгүй нь лавтай. Тэдэнд цоо шинэ сонголт хийж, МАН-аар дамжуулан төрд төлөөллөө хэрэгжүүлэх гарцаагүй шалтгаанууд байгааг сануулъя.
Нэн тэргүүнд Ухнаагийн Хүрэлсүх жинхэнэ гар нийлсэн, чадварлаг баг бүрдүүлэн УИХ-ын сонгуульд оролцсон нь ард түмэнд таалагджээ. ЖДҮ болон “60 тэрбумын” гэх хэрэгт нэр холбогдсон улстөрчдөд тэрбээр “УИХ-ын сонгуульд өрсөлдөх тойрог өгөхгүй шүү” хэмээн сануулж байсан амлалтандаа хүрч, улс төрийн дэмжлэг үзүүлээгүй юм. Түүгээр зогсохгүй УИХ-д олон удаа суусан нэр бүхий улстөрчдийг шинэчлэн, сонгогчдод олон сонголт өгч чадсан нь мөн зөв алхам байв. Ингэснээр улс төрд ус агаар мэт хэрэгтэй байсан шинэ, залуу улстөрчдийг сойсон нь ард түмний итгэлийг ахин хүлээх нэг үндэслэл болжээ.
Өнгөрсөн 20 гаруй жилийн хугацаанд эрх баригчид болон үе үеийн хотын даргын шийдэж чадаагүй ба шийдэхийг хүсээгүй Улаанбаатарын утааны асуудлыг ганцхан жилийн дотор 50% бууруулж чадсан нь У.Хүрэлсүхийн Засгийн газар билээ. Өнгөрсөн хугацаанд тэрбум тэрбумаар нь мөнгө зарцуулж, төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн нь нийслэлчүүдийн өвчлөлийн гол шалтгаан болтлоо даамжирсан агаарын бохирдол нүдэнд харагдаж, гарт баригдах хэмжээнд буурсан нь нийслэлчүүд төдийгүй монголчуудад итгэл асаасан ажил яах аргагүй мөн байлаа. Тийм ч учраас МАН өнөөдөр УИХ-ын нийслэл дэх 20 суудлаас 19-ийг авчихаад байна.
Өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улсын төр өнөөгийн сайхан нийгмийг бүтээсэн ч ядуурлын ирмэгт тулж, хамгийн эмзэг бүлэгт багтаад байсан ахмад буурлуудаа анх удаа ачилсан нь тэтгэврийн зээлийг тэглэсэн явдал байлаа. 200 гаруй мянган ахмад настны тэтгэврийн зээлийг төрөөс тэглэж, буурлууд маань сар бүр тэтгэврээ буюу бодитой мөнгө авах боломж бүрдүүлээд зогсохгүй тэтгэврийн зээлгүй байсан 239 мянган өндөр настанд 1 сая төгрөгийн эрхийн бичиг өгөхөөр болсон нь энэ тооны сонгогчийн саналыг авах томоохон шалтгаан болсон хэрэг.
“МАНАН бүлэглэлтэй тэмцэж, нийгэмд шударга ёс тогтооно” хэмээн гарч ирсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх уг амлалтаа Салхитын мөнгөний орд дээр хэрэгжүүлэв. Шударга ёсыг сахин хамгаалуулах үүрэгтэй хууль хүчний байгууллагынхан нь өөрсдөө хятадуудын гар хөл болж, үгсэн хуйвалдаж, Салхитын мөнгөний ордын баялгийг хулгайлан гадагш зөөж байсан явдлыг тэрбээр таслан зогсоож чадсан юм. Ийнхүү ард түмний баялгийг хууль бус бүлэглэлээс хамгаалснаараа Монгол Улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх эдийн засгийн маш том боломжийг авчирсан нь шударга ёс тогтож болох юм байна гэсэн итгэлийг иргэдэд өгсөн билээ.
2016-2020 онд төрийн эрх барьсан МАН-ын хийсэн хамгийн том гавьяа бол сүүлийн гурван парламент дамнан хэлэлцээд эцэслэж чадаагүй Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийж, Монгол Улс засаглалын хямралаас гарах боломжийг бүрдүүлсэн явдал яах аргагүй мөн. Улс төрийн намуудын бойкотод өртөж, эрх барьж байгаа нам нь хүртэл өөрийнхөө гараар Засгийн газраа унагадаг, Ерөнхий сайд нь сайдаа ч томилж чаддаггүй байсан үеийг Үндсэн хуулийн шинэчлэлээр халж, Ерөнхий сайдад ажил хийх боломж, эрх мэдлийг нь өгч, УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг болох хууль тогтоох чиглэлд ажиллуулах үндэслэлийг ийнхүү тавьж чадсаныг хэн ч үгүйсгэхгүй.
Үүнээс гадна дордуулсан долоон заалтыг залруулж, цаг үедээ нийцсэн Үндсэн хуулийг өлгийдөн авсанд ард иргэд, сонгогчид өнөөдөр дүн тавьж, МАН дахин үнэмлэхгүй ялалт байгуула, 62 суудал авч чадлаа.
Монгол Ардын намын амжилтаа бататгасан нууц бол энэ билээ.
Эх сурвалж: Б.Даваа
Монголчууд найм дахь удаагаа УИХ-ын сонгуулиа хийж, улс төрийн ууган хүчин МАН өмнөх сонгуулийн амжилтаа бататгаж, 62 суудал аван үнэмлэхүй ялалт байгуулав.