| | USD/MNT 0₮

УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ, иргэн та идэвхтэй оролцоорой

УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль Улаанбаатарын цагаар өглөөний 07.00 цагт орон даяар эхэллээ. Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм байна.

Энэ удаагийн сонгууль дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас их онцлогтой болж байна. Засгийн газар, УОК-оос “COVID-19”-ийн үед сонгууль зохион байгуулах журмыг баталсан.

Журмын хүрээнд санал авах байранд иргэдийг орох үед биеийн халууныг хэмжиж, гарыг халдваргүйжүүлэн, амны хаалтгүй бол нэг ширхэг амны хаалт олгоно. Мөн санал авах байрны агаарыг 30 минут тутамд сэлгэх, 2 цаг тутамд халдваргүйжүүлэх бодисоор цэвэрлэнэ. Сонгогч бүртгэл хийлгэх үед амны хаалтыг түр авах бөгөөд санал авах байранд 18 насанд хүрээгүй хүн дагуулж ирэхийг хориглоно. Тиймээс санал авах байранд халдвар хамгааллын дэглэмийг маш сайн баримталж, халуун хэмжих, гар ариутгах, нэг удаагийн бээлий өмсгөх, маск өгч байна. 

Энэ удаагийн сонгуульд УИХ-ын 13 нам, 4 эвслээс 485 иргэн нэр дэвшиж байгаа бол 121 иргэн бие даан нэр дэвшиж байна.

Санал хураалт оройн 22.00 цаг хүртэл үргэлжилнэ. Санал авах байранд биечлэн очиж боломжгүй иргэдийн саналыг өчигдөр буюу энэ сарын 23-ны 09.00-20.00 цагт зөөврийн битүүмжилсэн хайрцгаар авсан бөгөөд өнөөдөр санал тоолох төхөөрөмжид уншуулах юм.

Улс даяар санал авах 2070 байр байгуулснаас нийслэлд 451 нь ажиллах бөгөөд эдгээр байрны дотор, гаднахыг камераар хянаж, дотор талд нь бүх нам, эвсэл, бие даагчдын төлөөлөл болсон ажиглагчид ажиллана.

Мөн албан ёсны нэг ажиглагч, иргэний бүртгэлийн ажилтан, мэдээллийн технологи хариуцсан мэргэжилтнээс гадна цагдаагийн алба хаагчид газар дээр нь ажиллаж байна. 

УИХ-ын чуулганы энэ оны нэгдүгээр сарын 30-ны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолыг баталсан. Тогтоолд Монгол Улсын аймгийг 20, нийслэлийг 9 тойрог болгож, сонгуулийн 29 тойрог байгуулахаар тусгасан байна.

Ингэхдээ Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэн сонгуулийн нэг тойрог болгох, бусад аймгууд тус бүр нэг тойрог байх, нийслэлийн Багахангай, Багануур, Налайх дүүргийг нэгтгэн нэг тойрог, Баянзүрх дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог, мөн Сонгинохайрхан дүүргийн зарим хороодыг нэгтгэн хоёр тойрог байгуулах, харин Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүрэг тус бүрдээ нэг тойрог байхаар тусгасан. Иргэд тойргийнхоо мандатын тоогоор сонголт хийнэ. Харин мандатын тооноос илүү эсхүл дутуу санал бөглөсөн тохиолдолд саналын хуудсыг хүчингүйд тооцох бөгөөд энэ нь сонгуулийн ирцэд сөргөөр нөлөөлөх магадлалтай юм.

САНАЛ ӨГӨХӨД ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ ЁСТОЙ ЗҮЙЛС:

  • Сонгогч та 07.00-22.00 цагийн хооронд харьяа санал авах байрандаа очиж санал өгнө.
  • Дөрвөн жилд нэг удаа явагддаг сонгуульд оролцож, саналаа өгөх нь иргэн таны үүрэг асар хариуцлагатай ажил юм. Иймд та заавал саналаа өгөх ёстой.
  • Таныг сонгуульд оролцох эсэхээ бие даан шийдвэрлэх, саналаа чөлөөтэй илэрхийлэхэд хэн ч албадан нөлөөлж, саад учруулах ёсгүй. Өөрөөр хэлбэл, таныг саналаа өгөхийг эсвэл өгөхгүй байхыг хэн нэгэн хүчээр тулгах учиргүй.
  • Сонгогч та сонгуульд шууд сонгох эрхийнхээ үндсэн дээр ямар нэг төлөөлөлгүй оролцож, саналаа өөрөө өгөх ёстой.
  • Сонгуулийн санал хураах өдөр бүх нийтээр амрахаас гадна дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Мөн захууд ажиллахгүй.
  • Зайлшгүй шалтгаанаар санал авах өдөр ажиллаж байгаа сонгогчдод тухайн байгууллагын захиргаа чөлөө олгож, түүнийг санал өгөх боломжоор хангах үүрэгтэйг санаарай.
  • Сонгогч та саналын хуудас авч, санал бэлтгэх бүхээгт саналаа нууцаар гаргах бөгөөд саналын хуудсанд саналаа тэмдэглэхдээ холбогдох зааврын дагуу тэмдэглэгээг хийнэ. Санал бэлтгэх бүхээгт тухайн сонгогчоос өөр хүн байхыг хориглодог.
  • Сонгогч нь нэр дэвшигчдийн дотроос өөрийн сонгосон нэр дэвшигчийн нэрийн өмнөх дугаарыг сонгож зааврын дагуу дүрсийг дүүргэн будсан тэмдэглэгээг хийнэ.
  • Сонгогч дээр дурдсаны дагуу саналаа тэмдэглэсний дараа саналын хуудсыг санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийнэ.
  • Сонгогч санал өгөхдөө алдаа гаргаж, саналын хуудсанд буруу тэмдэглэл хийсэн бол саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж (саналын хайрцаг)-д хийхээс өмнө энэ тухайгаа мэдэгдэж, алдаатай хуудсыг шалгуулан хураалгаж, дахин нэг удаа саналын хуудас авч, саналаа гаргах боломжтой.

Ингээд Монгол Улсын иргэн та ирэх дөрвөн жилд төр түшилцэх төрийн түшээдээ сонгох хуулиар олгогдсон хэн ч халдашгүй эрхээ эдлэж, сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалъя.

 

 

Монгол Улсын иргэн та ирэх дөрвөн жилд төр түшилцэх төрийн түшээдээ сонгох хуулиар олгогдсон хэн ч халдашгүй эрхээ эдлэж, сонгуульдаа идэвхтэй оролцож саналаа өгөхийг уриалъя
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.