| | USD/MNT 0₮

СЕХ Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг

Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ зөрчүүлсэн тэрбээр шүүхэд хандсан ч гурван удаа хойшлуулсны эцэст  шүүхээс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан.

Тодруулбал, СЕХ-ны 150 дугаар тогтоолыг хүчингүй болгох, нэр дэвших үнэмлэх олгохыг шаардсан иргэн Л.Наранбаатарын нэхэмжлэлийг  бүхэлд нь  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Улмаар Л.Наранбаатар Улсын дээд шүүхэд хандсан.  Түүнд холбогдох нэхэмжлэлийг шүүх хэлэлцээд Л.Наранбаатарыг УИХ-ын 22-дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах шийдвэр гаргасан.

Өөрөөр хэлбэл, Дээд шүүхийн уг шийдвэр гарснаар СЕХ өнөөдөр түүнийг нэр дэвшигчээр бүртгэж, саналын хуудастаа нэрийг нь оруулах ёстой. Гэвч СЕХ шийдвэр албан ёсоор ирээгүй гэх шалтгаанаар шийдвэрийг биелүүлэхээс татгалзсаар байна. Энэ талаар Л.Наранбаатар СЕХ-ны гадаа хэвлэлийн хурал хийлээ.

Л.Наранбаатар: Сонгуулийн Ерөнхий хороо, шүүх З.Энхболдын даалгавраар шийдвэрээ гаргасан

СЕХ Дээд шүүхийн шийдвэрийг шууд биелүүлэх үүрэгтэй. Дээд шүүх шударгаар шүүж, намайг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан шийдвэр гаргалаа. Шийдвэр өглөө 10 цагт гарсан. Гэвч шийдвэр гараад хоёр цаг болж байхад СЕХ юу ч хийсэнгүй. Тэд эцсийн аргаа хэрэглэж байх шиг байна.

Учир нь, үнэнийг хэлэхэд СЕХ З.Энхболдын гар хөл болсон. Баримттайгаар нь яръя. З.Энхболд УИХ-ын дарга байхдаа Ч.Содномцэрэнг СЕХ-ын даргаар томилсон. Мөн УИХ-ын дарга байхдаа өөрийнхөө зөвлөхөөр ажиллаж байсан З.Нарантуяагийн нөхрийг СЕХ-ны Тамгын даргаар тавьсан. ЕТГ-ын даргаар ажиллаж байхдаа дэд дарга Г.Байгалмаагаа СЕХ-ны гишүүн болгосон. Энэ гурван хүн З.Энхболдын даалгавраар сонгуулийг будилуулах, Лүндэгийн Наранбаатарыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх, Үндсэн хууль зөрчиж, иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчих үйлдэл хийсэн. Би үүнийг Монголын ард түмэнд хариуцлагатайгаар хэлье. Энэ хууль бус шийдвэрийг эсэргүүцэж, нийслэлийн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан. Гэвч шүүх хурлыг гурван удаа хойшлуулсан. Шалтгаан нь их инээдэмтэй. Эхний шүүх хурлыг иргэдийн төлөөлөл ирээгүй гэдэг шалтгаанаар хойшлуулсан бол дараа нь бие даагч гэдэг нэг хүн гаргаж ирээд “Хэрвээ Л.Наранбаатар хэрвээ 22 дугаар тойрогт нэр дэвшвэл миний саналыг авна. Миний хууль ёсны эрх зөрчигдөнө. Тиймээс шүүх хурлыг хойшлуулж өгөөч” гэх хүсэлт гаргуулчихсан.

Хамгийн харамсалтай нь шүүх энэ хүсэлтийг нь хангачихсан. Ингэж явсаар шүүх хуралдаан болоход шүүх бүрэлдэхүүн гэнэт солигдчихсон. Сарангэрэл гэдэг шүүгч шүүхээр болсон. Гэтэл энэ хүнийг судлаад үзэхэд З.Энхболдын өмгөөлөгч Н.Ариунболдын эхнэр юм байна. Н.Ариунболд  өнөөдөр АН-ын Ерөнхий хуульчаар штаб дээр нь ажиллаж байгаа хүн. Сонгуулийн Ерөнхий хороо, шүүх нэг хүнд үйлчилж байна.  Үнэхээр харамсаж байна. Ямар муухай бузар булай нийгэмд амьдарч байна вэ. Ардчилсан Монгол Улсын иргэн биз дээ бид. Өнөөдөр Дээд шүүх миний сонгох, сонгогдох эрхийг маань шударгаар шийдвэрлэж, 22 дугаар тойрогт  нэр дэвших хүсэлтийг маань хангаж өглөө. Гэтэл СЕХ бүтэн хоёр цаг хаалгаа түгжчихээд онгойлгохгүй байна. Саяхан СЕХ-ноос н.Одсүрэн гэдэг хүн гарч ирээд, Содномцэрэн дарга байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр манайд албан ёсоор ирээгүй байна. Тиймээс таны нэрийг саналын хуудаст оруулах боломжгүй байна гэлээ. Одоо СЕХ саналын хуудсаа тараах ажлаа эрчимжүүлж байна гэнэ. Хэрвээ саналын хуудсаа тараачихвал сонгууль эхэлсэн гэж үзээд миний нэрийг саналын хуудаст оруулах боломжгүй болно гэх бүр эцсийнхээ арга хэмжээгээ авч байна. Ийм гутамшигтай байж болохгүй. Энэ бүх хууль бус ажиллагааны эсрэг тэмцсэн мянга мянган хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна. Мөн Г.Алтантүрүү найздаа баярлалаа. “Л.Наранбаатарт нэр дэвших эрхийг нь олго” гэсэн иргэдийг хөдөлгөөнийг цахимаар өрнүүлж, 74 мянган иргэн дэмжиж, гарын үсгээ зурсан байна. Тэдгээр иргэдийн 20 гаруй мянга нь Баянзүрх дүүргийн 22 дугаар тойргийн иргэд байна” гэв.

Өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир: Л.Наранбаатарыг нэр дэвшигчээр бүртгэхгүй бол дахин сонгууль явагдах  магадлалтай

УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн 7.1, Сонгуулийн төв байгууллагын бүх зүйл заалтуудад СЕХ бол хүний сонгох, сонгогдох эрхийг хангах зорилготой байгууллага гэдгийг заасан байдаг. Дээд шүүх СЕХ-д Л.Наранбаатарыг 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхийг даалгасан. Улсын дээд шүүхийн шийдвэрийг бусад шүүх болон иргэн хуулийн этгээд, төрийн захиргааны бүх байгууллага биелүүлэх ёстой. Шүүхийн шийдвэрийг уншиж, сонсгосноор хүчин төгөлдөр болдог. Гэтэл СЕХ шийдвэрийг бичгээр авна, дотроо шийдвэрлэсэн гэх утга агуулгатай зүйл ярьж, шийдвэрийг биелүүлэхээс цааргалсаар байна. Шийдвэрийн дагуу СЕХ саналыг хуудсыг шинээр хэвлэх үүрэгтэй. Хэрэв үүнийг биелүүлэхгүй бол СЕХ иргэнийхээ сонгох, сонгогдох эрхийг хязгаарлаж байна гэсэн үг. Энэ бол Эрүүгийн хуулийн 14.5-д зааснаар гэмт хэрэг.

Өөрөөр хэлбэл өнөөдөр Л.Наранбаатарын сонгох, сонгогдох эрхийг хангахгүй бол СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ гэмт хэрэг үйлдэж байна гэсэн үг. Бүр цаашлаад хамтаараа ийм шийдвэр гаргасан бол Эрүүгийн хуулийн 14.9-д зааснаар   хүнд ялтай гэмт хэрэг болно. Хэрвээ Сонгуулийн ерөнхий хороо шийдвэрийг биелүүлэхгүй бол Үндсэн хуулийн зөрчил гарна.  СЕХ-ны 22 дугаар тойрог дээр санал хурааж байгаа, саналын дүнг гаргаж байгаа бүх үйлдэл нь Үндсэн хуулийн бус санал хураах процесс болно. Хууль бус сонгуулиар хэн ч УИХ-ын гишүүн болохгүй. Эндээс юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл хэрвээ СЕХ шийдвэрийг биелүүлэхгүй бол Цэцэд хандана. Тэгэхээр хэн ч тангараг өргөх боломжгүй болно.

Цаашлаад дахин сонгууль явагдана. Энэ үйлдлээрээ СЕХ Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй гэдэг нь тогтоогдох учир СЕХ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох хуулийн үндэслэлийг бүрэлдүүлнэ. Захиргааны Ерөнхий хуулийн 105.1 болон 105.2-т энэ талаар заасан байдаг. Тэгэхээр 22 дугаар тойргийн сонгогчдын сонгууль үр дүнгүй болох магадлал үүсээд байна шүү гэдгийг иргэд давхар бодолцох ёстой.

Өмгөөлөгч Ш.Алтангадас: СЕХ саналын хуудсыг дахин хэвлэх бүрэн боломжтой

Сонгуулийн саналын хуудсыг хэвлэх ажиллагаа хоёр долоо хоног зохион байгуулагдсан. Яг хэвлэх ажиллагаа дөрөв хоног болсон. Энэ бол бүх тойргийн сонгогчдын санал. Харин энд бол зөвхөн нэг тойргийн саналын хуудас хэвлэх ажиллагаа яригдана.  СЕХ яг одооноос шүүхийн шийдвэрийг биелүүлэх юм бол саналын хуудсаа хэвлээд тойрогтоо хүргүүлэх бүрэн боломж бий. Цаг хугацааны хувьд ч тэр. УИХ-ын Сонгуулийн тухай хуульд саналын хуудсыг яг тэдэнд цагт хүргэж өгнө гэх нарийвчилсан зохицуулалт байдаггүй.

Хэрвээ СЕХ Дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй бол Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг авах ажиллагаа болно. Өнгөрсөн хугацаанд Л.Наранбаатарын эрх зөрчигдөж байна, хуулийн маш олон заалт зөрчигдөж байна гэж мэдэгдээд байхад СЕХ нь мэдээгүй мэт царайлж байгаад үнэхээр гайхаж байна.

 

 

 

Сонгуулийн ерөнхий хорооноос эдийн засагч Лүндэгийн Наранбаатарыг Баянзүрх дүүргийн 22 дугаар тойрогт нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан. Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрхээ зөрчүүлсэн тэрбээр шүүхэд хандсан ч гурван удаа хойшлуулсны эцэст шүүхээс УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг татгалзсан.
Улс төр

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.