| | USD/MNT 0₮

Ч.Сайханбилэгт тавьсан хилийн хориг цуцлагдаж, гадаад руу гарчээ

Оюутолгойн гэрээг үзэглэхдээ албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг шалгаад удаж буй. Тэдний хэргийг нэг нэгээс нь тусгаарлан шалгаж байгаа бөгөөд жилийн өмнө Авлигатай тэмцэх газраас баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа цагдан хорих 461-р ангид сар саатуулсан юм.

Улмаар Ч.Сайханбилэгийг цагдан хорих хугацаа дуусмагц прокурорын байгууллагаас хугацааг сунгах саналыг шүүхэд хүргүүлсэн ч нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тавьж, батлан даалтад гаргаж байсан билээ. Түүнд холбогдох хэргийн мөрдөн байцаалт дуусч, прокурорын байгууллагад хэрэг хянагдаж байгаа юм.

Уг нь батлан даалтад байх хугацаандаа дахин гэмт хэрэг хийхгүй, гадагшаа хилээр гарахгүй байх ёстой. Гэтэл өнгөрсөн аравдугаар сард Ч.Сайханбилэг өмгөөлөгчөөрөө дамжуулан хилийн хоригийг цуцлаж өгөх хүсэлтийг шүүхэд гаргажээ.

Ингээд Ч.Сайханбилэгийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхээс цуцалсан байна. Хилийн хоригоо цуцлуулсан тэрбээр гадаадад эмчилгээ хийлгэнэ хэмээн гараад явсан гэх мэдээлэл байна.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн хилийн хориг цуцлагдаж, тэрбээр эмчилгээ хийлгэх нэрээр гадагшаа гарчээ.
Улс төр

Сэтгэгдэл (1)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.