| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар ажиллаж байсан Н.Лүндэндоржийг энэ сарын 01-ний өдөр албан тушаалаас нь чөлөөлсөн байгаа билээ. Түүний ажиллах бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн тавдугаар сард дуусгавар болсон байсан бөгөөд дараагийнхаа даргыг томилтол тэрбээр ажлаа хийж байсан юм.
Тэгвэл өнөөдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга томилогдохоор болжээ. Тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Энхээгийн Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргаар томилохоор болжээ.
Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Үнэн. Ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Одоо манай дээр яг танилцуулах гэж байна” гэв.
Өнгөрсөн хоёрдугаар сард Ерөнхийлөгч зарлиг гаргаж өмгөөлөгч Э.Батбаярыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилсон юм.
Нэг хэсэг улс төрчдийг шүүхийн байгууллага руу шахлаа гэсэн хардлага сэрдлэгэ гарч байсан удаатай. Тэгвэл ШЕЗ-д есөн сар ажилласан Э.Батбаяр Еоөнхийлөгчийн зарлигаар дахин ШЕЗ-ийн дарга болж томилогдлоо. Үүнээс харахад түүнийг Ерөнхийлөгчийн хүн гэж харж болохоор ч нөгөө талаараа бо Ж.Батзандангийн Шинэ намын хүн бололтой. Тэрбээр Хууль зүйн ухааны доктор зэрэгтэй нэгэн юм.
Энхээгийн Батбаярын улс төрийн намтарыг сонирхвол, АН-ын нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн Ж.Батзандан нартай “Эрүүл нийгэм” иргэний хөдөлгөөний үүсгэн байгуулж, зохицуулагчаар нь ажилласан байдаг. Дараа нь тэд Иргэний хөдөлгөөний байгуулж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь Э.Батбаярыг томилж байжээ. Ингээд алдарт долдугаар сарын 01-ний өдөр МАХН-ны төв байрны гадаа тэд жагсаал хийж, үймээн самуун дэгдээж байсныг хүмүүс андахгүй сайн мэднэ.
БОЛОВСРОЛ
1980-1990- Нийслэлийн 10 жилийн 6-р дунд сургууль;
1990-1992- ЗХУ-ын Курган хотын Металлургийн сургууль;
1995-1999- МУИС-ийн Хууль зүйн сургууль. Эрх зүйн бакалавр;
1999-2000- МУИС-ийн Хууль зүйн ухааны магистр;
2002-2005- ОХУ-ын Краснодар хотын Кубаний Улсын Их сургуульд “Монгол улсын эрүүгийн хууль тогтоомж дахь ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” сэдвээр хууль зүйн ухааны докторын (Ph.D) зэрэг хамгаалсан.
ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТ
1999-2012 “Түшээ” дээд сургуулийн Эрх зүйн тэнхимд багш, тэнхимийн эрхлэгч, зөвлөх багш
2010-2012- УИХ-ын Тамгын газар, УИХ-ын гишүүний зөвлөх
2012-2015- Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны дарга
2015-2016- Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн захирал
2016-2019- “Чингисийн хууль” ХХН-ийн гишүүн, өмгөөлөгч