| | USD/MNT 0₮
“Урангүй Монгол хөдөлгөөн”, “Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ, Хохирогчдын холбоо, “Харуул алтай сан” “Цөмийн эсрэг гал голомт” ТББ-иудаас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Хэвлэлийн хурал хийх болсон шалтгаан нь Дорноговь аймгийн Улаанбадрах, Даланжаргалан, Хар-Айраг суманд ураны олборлолтоос болж нөхцөл байдал хүнд байгаа малчид бэлчээрлэх газаргүй, хүн мал хордох аюул нүүрлэсэн хэвээрээ байна. Тиймээс Төрийн гурван өндөрлөг болон тус аймгаас гарсан УИХ-ын гишүүдэд хандаж шаардлага хүргүүлж байгаагаа уламжиллаа. Орон нутгийн төлөөлөл, малчид ирж зовлонгоо ярилаа.
“Урангүй Монгол” ТББ-ын зохицуулагч Я.Хундаганай “Дорноговийн Улаанбадрах, Даланжаргалан, Хар-Айраг суманд үүсээд байгаа нөхцөл байдлыг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга болон гишүүд очиж үзэж харахыг хүсье. “Бадрах энержи” компанийг ажиллагаа явуулаагүй гэж сумын Засаг дарга нь болон мэргэжлийн хяналтын байцаагчид хэлдэг. Гэвч тэнд маш ноцтой ажиллагаа явагдаж байгааг тогтоосон.
Жишээлбэл, Пүрэвдорж гэх малчны хотонд хүн толгойтой үсгүй ишиг гарсан байдаг. Малчин Д.Норсүрэнгийн 19 үхэр бэлчээр дээрээ ураны шаар долоогоод үхсэн. Мөн малчин Гэрэлийн хотонд төрсөн төлийн олонхи нь гаж төрсөн. Хүн толгойтой, гахай толгойтой малыг устгаж байсан тогтоол акт бий. Энэ асуудлаар Н.Алтанхуягийн Засгийн газар ажлын хэсэг байгуулан ажилласан. Хайгууллын өрөмдлөг дээрээ цацрагийн хэмжээ 7 дахин их байгааг тогтоосон. Иймээс мал хордож үхээд байна.
Одоогоос хэдэн жилийн өмнө Даланжаргалын лицензийг цуцлуулж зогсоох тогтоол гарч байсан ч өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь явуулсан.
Тодруулбал, Францын “Ареви” компанийн лай ланчиг гай гамшиг Монголыг сүйтгэж байна.
Манай нэгдлээс Францтай нууц гэрээ байгуулсныг эсэргүүцэж, оффисод нь халдаж үйл ажиллагаагаа зогсоохыг шаардсан ч тэднийхээс хоёр удаа мэдэгдэл хийсэн. Ураны шар нунтаг олборлосноо хүлээн зөвшөөрч, хяналтанд байгаагаа хэлж байсан удаатай.
Гэтэл мэргэжлийн хяналт болон сумын Засаг дарга нарт хандаж хэлэхэд та нарыг өөрсдийг чинь хордуулна шүү. Төр засгийн удирдлагууд ноцтой байдал үүссэн байхад яагаад анхаарахгүй байгаа юм бэ.
Даланжаргал суманд 180 лиценз, 10 том үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд мал хүн амьдрах ямар ч боломжгүй. Нүүрсний олборлолтоороо Өмнөговь Тавантолгойг хол давчихжээ. Гартаам, мана, чүнжиг норов гэсэн чулуутай газрыг зөвшөөрөлгүй ухсан байна. Бас цөмийн хаягдал булшлах бэлтгэл ажил хийсэн. Уул уурхайгаас болж сүйдлээ.
Хар айраг сумынхан нутгийнхаа 95 хувийг уул уурхайн лицензтэй байсныг багасгасан гэдэг. Гэхдээ сумын төвд жоншны 5 үйлдвэр байна. Хамгийн аймшигтай нь Монголын өв газар болох Цагаан дэлийн агуйг сүйтгэж дэлбэлж байна. Дотроо бүх төрлийн жонштой, дороо устай үлгэрийн гайхамшигт ордыг санаатай дэлбэлж сүйтгэж байгааг төрийн удирдлагууд анхааралдаа аваачээ. Улсын тусгай хамгаалалттай газар шүү дээ.
Бас нэг жишээ хэлэхэд Дорноговь аймгийн 1000 амьд төрөлтийн 450-д нь үр хөндөлт хийсэн байгаа юм. Улаанбадрахад нэг эмэгтэй 2 удаа амьгүй ураг төрүүлсэн. Нэг худаг дээр амьдардаг дөрвөн эмэгтэй дөрвүүлээ үр зулбасан. Энэ нь тоо баримтад ороогүй гамшиг шүү. Дорноговь аймгийн ард иргэдийг золиослож байна. “Монгол ялна” гэж гарч ирсэн Х.Баттулга, шударга баатарын дүрд хувирсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх, МАНАН бүлэглээс ангижирна гэж гарсан Л.Оюун-Эрдэнэ нар, УИХ-д сонгогдсон Б.Дэлгэрсайхан, Г.Мөнхцэцэг нар очиж үзэх хэрэгтэй” гэлээ.
Монгол Улсыг цөмийн хаягдлын оршуулгын газар болгож байна
Монголын зургаан аймагт ураны хайгуулын лиценз бий. Дундговь, Дорнод, Сүхбаатар, Дорноговь, Архангай зэрэг аймгууд хэцүүднэ.
Сүхбаатарын Онгон, Дарьганга зэрэг суманд, Дундговийн Гурвансайханд нөхцөл байдал хэцүүдсэн. Ураныг хагас задралын байдалд оруулчихсан. Байлдааны зориулалтай хорт бодис хүний бие болоод эрүүл мэндэд маш хортой гэдгийг шинжээчид нотолсон, ард иргэд мэддэг болсон.
“Ареви” компани манай төр засгийг атгачихсан байна
“Эвийн хүч, эх нутгийн төлөө” ТББ-ын тэргүүн Хөхөө “Кожи говь” компани улстөрийн хэдэн хулгайчуудтай хуйвалдаж нийлчихсэн одоо улаан тууз хайчлаж ажлаа эхлэх гэж байна.
Эх орны минь элэг цөс бөөрийг хүү татаж хорыг гаргаж авах гэж байна. Эх орныг минь цөмийн хаягдлын оршуулгын газар болголоо. Орон нутагт минь маш том гамшиг явагдаж байна. Улс төр гэж энд солиорч байхад тэнд хаяагаа тэлж хүн мал хордож үхэж үрэгдэж байгаа газар дээр очих ёстой. Төр засгийг “Ареви” компани атгачихсан залуурдаад байна. Орон нутгийн удирдлагууд намайг цагдаагаар мөрдүүлж мөшгүүлж байгаа. Үүнээс айхгүй ээ, би ард түмнийхээ эрх ашиг эрүүл мэндийн төлөө явна. Ураны эсрэг тэмцэл болон ард иргэдийн тэмцлийг эрх баригчид нугачин дарж чадахгүй шүү.
Монгол орны минь нэг хэлтэрхий хэцүүдэж сүйрлээ
Улаанбадрах сумын малчин Гантөр “Уран гэгч гай гамшгийн эсрэг зургаан жил явж байна. Элбэгдорж, Алтанхуяг нарыг байхад 1500 хүний гарын үсэгтэй албан шаардлага хүргүүлж байсан ч дорвитой үр дүнд хүрээгүй.
Өнгөрсөн жил Хүрэлсүх, Сумъяабазар нарыг очиход 150 хүний гарын үсэгтэй гаж төлийн зургийг хавсарч өгсөн ч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
Одоо би 1000 хүний гарын үсэг цуглуулсан. Бид хаана хандах ёстой вэ. Монгол орны минь нэг хэлтэрхий хэцүүдэж байна. Амь амьдралынхаа төлөө тэмцэж байгаа иргэдийг зогсоох хууль хяналт эрх баригчид гэж байх ёсгүй шүү. Цаашид ч бид хатуу аргаар тэмцэнэ. Магадгүй Төрийн гурван өндөрлөг бидний тавьсан шаардлагыг тоохгүй хүлээж авахгүй байвал “Ареви” компани дээр бид очиж дэлбэлнэ шүү” гэдгээ илэрхийллээ.
Даланжаргал суманд 180 лиценз, 10 том үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд мал хүн амьдрах ямар ч боломжгүй. Нүүрсний олборлолтоороо Өмнөговь Тавантолгойг хол давчихжээ. Гартаам, мана, чүнжиг норов гэсэн чулуутай газрыг зөвшөөрөлгүй ухсан байна. Бас цөмийн хаягдал булшлах бэлтгэл ажил хийсэн. Уул уурхайгаас болж сүйдлээ.