| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.
Тодруулбал, Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Ерөнхий зөвлөлийн даргын түр эзгүйд түүний үүргийг хамгийн ахмад настай гишүүн нь орлон гүйцэтгэнэ” гэж заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тамгыг зөвлөлийн хамгийн ахмад настай гишүүн болох Л.Атарцэцэгт үлдээсэн юм. Гэхдээ даргыг нь Ерөнхийлөгчийн зарлигаар томилоогүй гэсэн үг юм.
Түүнийг жинхэлж, даргаар нь томилох эсэх асуудал нь Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн асуудал бөгөөд ШЕЗ-ийнхөн дотроо хуралдаж, нэгнийхээ нэрийг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх юм байна.
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд шүүхүүдээс нэг нэг хүний нэрийг дэвшүүлсэн бөгөөд Дээд шүүхийн зөвлөлөөс Л.Атарцэцэгийн нэрийг дэвшүүлсэн юм байна.
Тэгвэл Дээд шүүхийн Захиргааны танхмын шүүгч Л.Атарцэцэг гэж хэн бэ.
Тэрбээр шүүгч хэсгийн ардын шүүхийн шүүгчээс эхлээд Улсын Дээд шүүхийн шүүгч хүртэл шүүхийн байгууллагад тасралтгүй 30 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажилласан хэмээн үзэж өнгөрсөн 2017 онд Монгол Улсын гавьяат хуульч цолыг хүртэж байв.
Түүний хувьд ЗХУ-ын Эрхүү хотын Улиын их сургуулийн төгсөж, анх 1985 онд Дархан хотын шүүхэд нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлснээс хойш бүх шатны шүүхэд ажиллаж ирсэн.
Гавьяат хуульч Л.Атарцэцэг нь өнгөрсөн 2018 онд ХОМ-тээ дөрвөн орон сууцтай хэмээн мэдүүлж байжээ. Ийнхүү өдгөө ШЕЗ-д сууж буй хамгийн ахмад шүүгч гэдэг утгаараа ШЕЗ-ийн даргын тамгыг хүлээж аваад буй. Түр орлож байгаа хэдий ч цаашдаа жинхлэх магадлал өндөр байна.
Тэрбээр, тамгаа гардаж авах үедээ “Шүүхийн шинэтгэлийг үргэлжлүүлж, шүүгч болон шүүхийн захиргааны ажилтнуудын төлөө хүнд үед ажиллаж өнөөдрийн өндөрлөгт хүргэсэн нь нэрт хуульч, профессор Н.Лүндэндоржийн гавьяа. Цаашид Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, Ажлын албаны хамт олонтой энэ зорилгыг үргэлжлүүлэхийн төлөө ажиллана” гэжээ.
Ийнхүү ШЕЗ буюу хуулийн манаач хийх ажлын туршлага, ахмад настайгаараа бусдаасаа илүүрхэх түүнд шүүгчид их итгэл найдвар хүлээлгэжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүн Н.Лүндэндорж, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун нарыг албан тушаалаас нь чөлөөлөх, Л.Атарцэцэгийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр томилох тухай зарлигийг өнгөрсөн долоо хоногт гаргасан билээ.