| | USD/MNT 0₮
2016 оны УИХ-ын сонгуулиар 60 тэрбум төгрөг босгож төрийн албыг хууль бусаар худалдаж авахыг санаархсан гэх эрүүгийн хэргийг дөрвөн жил шалгаж өнгөрсөн долоо хоногт анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн билээ.
Тодруулбал, 60 тэрбумын гэгддэг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын зөвлөлийн гишүүн А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялыг оноосон билээ.
Тэгвэл тэд өдгөө дамжин өнгөрөх хорих анги буюу 409 дүгээр ангид хоригдож байгаа ажээ.
Тэднийг төрийн эрхийг хууль бусаар авахыг санаархсан гэх зүйл ангиар буруутгаж шалгасан ч шүүх хурлын үеэр шал өөр зүйл ангиар яллаж шийтгэсэн хэмээн шүүгдэгчдийн өмгөөлөгчид хэлсэн юм. Шүүх хурлын процесстой санал нийлэхгүй байгаагаа өмгөөлөгч Б.Мэргэн илэрхийлсэн байгаа юм. Уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаагаар хэрэгсэхгүй болгох саналыг өмгөөлөгчид оруулсан ч шүүх бүрэлдэхүүн хүлээж аваагүй юм.
Энэ талаар Б. Мэргэн өөрийн байр сууриа илэрхийлэхдээ “Энэ хэрэгт 2-8 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь таван жил. Энэ хэргийн хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолох вэ гэдэг асуудал яригдсан. Прокурор өөрийнхөө цуглуулсан нотлох баримт хэргийн материалд байгаа мэдээллүүдээ үндэслээд энэ хэргийг 2014 оны долдугаар сараас есөн сарын хооронд үргэлжилсэн учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Ингээд хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгоно гэдэг саналыг прокурор шүүх хурал дээр өгсөн.
Эрүүгийн хэргийг шийдвэрлэхэд урьдчилсан хэлэлцүүлэг, гэм буруугийн хурал, ялын хурал болдог. Гэм буруугийн хуралд прокурорууд төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн зүйлчлэлтэй орж ирсэн. Энэ нь өөрөө 12-20 жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь болоогүй. Энэ зүйлээр зүйлчлэгдээд ял авсан бол прокурор хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг санал өгөхгүй байсан.
Гэтэл зүйлчлэл нь өөрчлөгдөөд 2-8 жилийн ялтай хэрэг ороод ирж буй учраас прокурорууд анх оруулж ирсэн саналаа өөрчлөөд тухайн үеийн шийдвэрт нь нийцүүлэн хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэсэн саналыг өгсөн. Өмгөөлөгчид прокурортой адилхан саналыг хэлэх байсан. Гэхдээ прокурор хэлдэг учраас өмгөөлөгчийг төлөөлөөд би прокурортой адилхан саналтай байна гээд хурал дууссан. Шүүгчид 30-40 минут хуралдсаны дараа шийдвэр танилцуулахад хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэсэн. Яагаад гэсэн чинь Эрүүгийн хуулийн 1.8.3-т зааснаар хөөн хэлэлцэх хугацааг хэзээнээс тоолж эхлэх тухай зохицуулалт байгаа. Гэмт хэрэг үргэлжилж байгаа тохиолдолд үргэлжилж байгаад дууссан үеэс нь тоолно.
Энэ гэмт хэргийг олон нийт 2016 онд мэдсэн. Тэгэхээр олон нийт мэдсэн үеэс хөөн хэлэлцэх хугацаа эхэлнэ. Тийм учраас хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж үзсэн. Бид прокурортойгоо нийлээд шоконд орчихсон.
Ял өгөх гэж орж ирсэн прокурор хүртэл өөрөө гайхсан. Хуульд олон нийт мэдсэнээс хойш хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэсэн зүйл байдаггүй. Тэрнээс биш ялын зүйлчлэлийг өөрчилсөн асуудалд хуульд ялыг хөнгөрүүлж байгаа тохиолдолд шүүх ялын зүйлчлэлийг өөрчилж болно гэдэг байдлаар шийдсэн. Анхан шатны шүүх дээр бид Эрүүгийн хуулийн 82.1 дүгээр зүйл дээр маргаад байсан болохоос биш 14.9-өөр зүйлчилж байгаад бид маргаагүй. Харин гайхаад байгаа зүйл бол хөөн хэлэлцэх хугацааг яагаад тэгж тоолж байгаад юм бол.
Шүүгдэгч А.Ганбаатар гэмт хэрэг хийгээгүй, ял авахгүй гэдэгт итгэлтэй байсан л даа. Гэхдээ А.Ганбаатар, Ц.Сандуй нарт ял өгөх юм бол адилхан Г.Доржзодовд өгөх ёстой гэдэг байр суурьтай байсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаа учраас дараагийн шатны шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн” гэв.
Тодруулбал, 60 тэрбумын гэгддэг НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, МАН-ын зөвлөлийн гишүүн А.Ганбаатар нарт анхан шатны шүүхээс дөрвөн жилийн хорих ялыг оноосон билээ.