| | USD/MNT 0₮

Д.Чойжамц:Эл өдөр нигүүсэл, энэрэл хайрыг түгээж арван хар нүглийг тэвчих ёстой

Бурхан багшийн Их дүйчин өдөр буюу Билгийн тооллын зуны тэргүүн сарын 15-н энэ жил зургаадугаар сарын 5-нд тохиож байна.

Хуулийн дагуу бүх нийтээрээ амарна.Үүнтэй холбоотойгоор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Бурхан багшийн Их дүйчин өдрийг Азийн бурхны шашинтай орнууд хоёр мянган жилийн тэртээгээс тэмдэглэж ирсэн. Сайхан буян номын үйл болдог байсан. Сүүлийн үед бурхан шашин 20 дугаар зуун хүртэл Азидаа оршин тогтнож, Азийн ард түмэн шүтэж биширч ирсэн түүхтэй. Бурхан багшийн нигүүсэл сургаал, энх тайванч, хүний тэгш эрх, эрх чөлөө, шашин шүтэх эрх чөлөөг хүндэлдэг байдлыг дэлхий дахин ойлгож НҮБ-аас Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж байхаар тусгай чуулган хуралдаж, тогтоол гаргасан. Энэ цагаас хойш дэлхий дахинд Бурхан багшийн Их дүйчин өдрийг албан ёсоор тэмдэглэх боломж гарсан гэж боддог.

Монгол орон 300-400 жилийн тэртээгээс Бурхан багшийн Их дүйчин өдрийг тэмдэглэж ирсэн. Энэ Бурхан багшийн Их дүйчин өдрөөр гурван тэмдэглэлт үйл явдал давхацдаг.

Энэ дүйчин маш их буян хурааж, буян арвиждаг гэж үздэг. Мөн ертөнцийн бодит тогтнолыг одоогийн 21 дугаар зууны шинжлэх ухаан гараагүй үед бодитоор тайлбарлаж, таниулсан сургаалийг номлосон учраас хүн төрөлхтөн хүндэлж үздэг. Энэ сайхан сургаал номлолыг хэрэгжүүлж Их дүйчин өдрөөр нигүүсэл, энэрэл хайрыг түгээж арван хар нүглийг тэвчих ёстой байдаг.

Бидний амьдралыг жаргалгүй болгож, зовлонд унгадаг зүйл юу вэ гэхээр бурхан багшийн айлдсан сургаал дотор байгаа бие хэл сэтгэлийн буруу зуршил, буруу явдлаас хамаарч бид өөрсдийнхөө жаргалтай сайхан амьдралын төвшин байдлаа алддаг. Иймээс Бурхан багшийн Их дүйчин өдрүүдэд арван цагаан буяныг туурвих учиртай. Хамгийн наад зах нь биеэр бусадтай сайхан харьцаж, зөөлөн байх, бусдыг энэрэн хайрлаж, сайн сайхан зүйлийг ярьж, мөрөөдөж, сэтгэлдээ хамгийн сайн сайхан зүйлийг бодож байх учиртай.

БУРХАН БАГШИЙН ИХ ДҮЙЧИН ӨДРӨӨР АРВАН ХАР НҮГЛИЙГ ТЭВЧИХ ХЭРЭГТЭЙ

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчих хэрэгтэй. Арван хар нүгэл бидний жаргалтай сайхан амьдрал гэр бүлийг бусниулж, хань нөхдийг салгадаг. Улс орныг бужигнуулж байгаа зүйл, уур омог, хүсэл зэрэг маш олон муухай зүйлийг Бурхан багшийн Их дүйчин өдрөөр тэвчиж байх ёстой. Мөн биеэр хийдэг гурван нүгэлд амьтан алах, хулгай хийх, гэр бүлээс гадуур явах явдал мөр багтдаг.

Энэ зүйлүүд бидний жаргалтай сайхан амьдралыг бужигнуулдаг. Иймээс энэ бүхнийг тэвчих хэрэгтэй байдаг юм. Мөн Бурхан багшийн Их дүйчин өдрөөр өөрийгөө шинжих хэрэгтэй. Би бусармаг зүйл рүү явж байна уу гэдгийг ажиглах хэрэгтэй. Сэтгэл дээр хамаг зүйл тогтдог учраас Бурхан багшийн Их дүйчин өдрөөр сэтгэлээ сайхан шинжих бололцоотой.

ЦАГААН ХООЛ ИДЭЖ, МАЦАГ БАРИХ

Сайхан өдөр муухай зүйлийг тэвчих хэрэгтэй. Хорлох, хомхой сэтгэл, буруу үзэл гэдэг зүйл байдаг. Сэтгэлийн нүгэл хамгийн хор нь байдаг. Иймээс хомхой болон хорлох сэтгэлийг асар их тэвчих хэрэгтэй. Буруу зүйл жоохон зүйлээс эхэлдэг учраас буруу зүйлээс бүх хүн хөндийрч байх учиртай. Арван хар нүглийг тэвчиж Бурхан багшийн Их дүйчин өдрөөр маш сайн хянамгай байх хэрэгтэй. Мөн цагаан хоол идэж, мацаг барих зэрэг аргууд байдаг. Энэ нь арван хар нүгэл болон бидний амьдралыг хөнөөдөг муухай сэтгэлийг үгүй хийх, сэтгэлийн үйлийг номхтгох, буяны зүгт хандуулах аргууд байдаг юм. Үүнийг хийж, нэг өдрийн сахил авч архи, тамхи хэрэглэхгүй байхад гол нь оршдог .

БИД ОЛОН НИЙТИЙН СҮЛЖЭЭ, ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРЧ АЛСААС ТЭМДЭГЛЭЖ БАЙНА 

Уг нь Бурхан багшийн Их дүйчин өдөр төв гудамж дагуу жагсаж, бясалгал хийх болон энх тайван шударга ёсны төлөө үгээ хэлэх, нигүүлсэл энэрэл хайрыг түгээсэн лекцүүдийг унших зэргээр олон зүйлийг төлөвлөсөн. Харин цар тахлын улмаас тэдгээр олныг хамарсан үйлс хумигдаж байгаа. Энэ цар тахал бидэнд өөрсдийгөө дүгнэх нэг боломж олголоо гэж бодож байна. Монголчуудын хувьд, энэ хөл хорио, өндөржүүлсэн байдал гайхалтай эмх цэгтэйгээр үргэлжилж байна.

Бид нүүдэлчин ард түмэн ч гэлээ эрт үеэсээ ямар нэг аюулын чимээ сонсоод нэгдэн нягтарч, хамтын хүчээр хамгаалж ирсэн түүх бий. Хэдхэн сарын өмнө төр, засгаас аймшигт тахал гарахаас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хорио тогтооход ч бид бүгд шийдвэрээ дуу нэгтэйгээр дагаж, хамгаалж чадсан. Үүний ч үндсэн дээр аюулт өвчний халдвар дотоодод тархаагүй нь маш талархууштай явдал болж байна.

Энэ нь монголчуудын маань шашин, төрөө хүндэтгэдэг шинж чанар нь хэвээр байгаа юм байна гэсэн бодол төрүүлж байна. Зарим улс, оронд үүний улмаас маш их хэрүүл тэмцэл болж байхад монголчууд тэгээгүй нь эв нэгдлийг харуулсан явдал боллоо.

Түүнээс гадна "Хөл хорио тогтоож хүмүүсийг гэртээ байхыг зөвлөж байгаа явдал нь гэр бүлүүдэд бие биеэ ойлгож, таних маш том боломж олгож байгаа гэж харж байна. Одоо үед эхнэр, нөхрүүд өглөө бүр хоёр талд ажилласаар байгаад орой л нэг юм хоолныхоо ширээний ард уулзчихаад унтаад өгдөг байдал нь амьдралын нэгэн хэвшил болсон.

Зарим хүн магадгүй гэр бүлээ илүү хайрлаж, үр хүүхдэдээ хэрэг болгож цаг гаргаж, анхаарал тавих хэрэгтэй гэх ч ойлголтыг авсан болов уу. Ингэснээр гэр бүл нэгдэж, ирээдүйн амьдрал нь илүү гэгээлэг, цэгцтэй болж болно. Тиймээс энэ тахлын үед ч бид олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагатай хамтарч алсаас тэмдэглэх төлөвлөгөөтэй байна” гэв.

 

 

Бурхан багшийн Их дүйчин өдрөөр арван хар нүглийг тэвчих хэрэгтэй. Арван хар нүгэл бидний жаргалтай сайхан амьдрал гэр бүлийг бусниулж, хань нөхдийг салгадаг. Улс орныг бужигнуулж байгаа зүйл, уур омог, хүсэл зэрэг маш олон муухай зүйлийг Бурхан багшийн Их дүйчин өдрөөр тэвчиж байх ёстой. Мөн биеэр хийдэг гурван нүгэлд амьтан алах, хулгай хийх, гэр бүлээс гадуур явах явдал мөр багтдаг.
Ярилцлага

Сэтгэгдэл (0)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.