| | USD/MNT 0₮
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нар Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замыг өнөөдөр нээх ёслолд оролцоно. Ёслол 11.45 цагт эхэлж 12.10 цагт албан ёсоор авто замын хөдөлгөөнийг нээнэ.
БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй тус автозамыг шинэчлэх ажил энэ оны дөрөвдүгээр сарын 15-нд эхэлсэн бөгөөд 10 дугаар сарын 29 буюу нийслэлийн 380 жилийн ойн өдөр нээх төлөвлөгөөтэй байсан. Харин Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх автозамын ажлын явцыг холбогдох албаныхнаас сонссоны дараа тэмдэг тэмдэглэгээ, гэрэлтүүлэг тавьж жолооч зорчигчдын аюулгүй байдлыг хангасны дараа замыг нээхийг үүрэгдсэн юм. Ингээд автозамыг нээх хугацааг долоо хоногоор сунгаж өнөөдөр нээхээр товлосон.
Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслийн удирдагч Б.Отгонсүхээр ахлуулсан ажлын баг өчигдөр шөнө тус замын гэрэлтүүлгийг шалгасан байна. Нийт 520 гэрэлтүүлэг бэлэн болсон бөгөөд энэ долоо хоногтоо үлдсэн 408 гэрэлтүүлгийг асаах аж.
Налайхын 20.9 км автозамын төслийн хүрээнд, 38 байршилд ус зайлуулах хоолой, 3 байршилд нүхэн гарц, Хөлийн голын 20.75 у/м гүүрийн ажил бүрэн дуусжээ. Энэ жилдээ автозамыг нээж ирэх жилээс явган болон дугуйн зам зэрэг орчны тохижилтын ажлыг гүйцэтгэх бөгөөд нэмж асфальтаар хучих юм байна.
Тус зам:
Улиастайн гүүрнээс Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20,9 км авто зам нь суурингийн доторх зам бөгөөд Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дагуу цагт 60км-ээс хэтрүүлэх хориглож байгаа юм байна.