| | USD/MNT 0₮
Удтал хүлээлгэсэн Элчин сайдуудыг томилох асуудал өнгөрсөн долоо хоногоос эхэлж яригдаж эхэлсэн билээ. Тодруулбал, сүүлийн хоёр жилийн хугацаанд Монгол Улсаас гадаадад суух Элчин сайдуудын асуудал улс төрийн гацаанд байгаа юм.
Хуулиараа бол томилолтын хугацаа нь дуусаж буй 14 Элчин сайд, Ерөнхий консулыг энэ жил шинээр томилох ёстой. Тэгвэл Засгийн газрын 2019 оны 5 сарын 17-ны хуралдаанаар долоон хүнийг Элчин сайдад томилох нь зүйтэй хэмээн үзэж, Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөхөөр нэрсийг хүргүүлсэн байгаа.
Тухайлбал, Бүгд Найрамдах Польш Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Бархасын Доржийг, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Жигжээгийн Сэрээжавыг, Бүгд Найрамдах Куба Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Шагдарын Батцэцэгийг, Австралийн Холбооны Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Нямдоржийн Анхбаярыг, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Түвдэндоржийн Жанабазарыг, Монгол Улсаас Нэгдсэн Үндэстний Байгууллагын дэргэд суух Байнгын төлөөлөгчөөр Воршиловын Энхболдыг, Бүгд Найрамдах Солонгос Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Дамдинсүрэнгийн Даваасүрэнг дэмжин нэр дэвшүүлсэн юм.
Харин өнгөрсөн долоо хоногт Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Ерөнхийлөгчтэй хэд хэдэн удаагийн уулзалт хийсний үр дүнд зургаан улсад суух Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилохыг Ерөнхийлөгч дэмжиж, УИХ-ын даргад зөвшилцөх саналаа хүргүүлжээ.
Гадаад харилцааны яамнаас өнгөрсөн тавдугаар сард нийтдээ долоон Элчин сайдыг томилох санал хүргүүлсэн бөгөөд тэр дунд Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр, Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, Ж.Сэржжав нарын нэрс байсан ч энэ удаагийн зөвшилцөх саналд тэднийг дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч энэ гурван хүнийг Элчин сайдаар томилохыг дэмжээгүй гэсэн үг юм.
Ерөнхийлөгч гурван улсад суух Элчин сайдыг дэмжсэнгүй. Түүнд сайд Ц.Нямдоржийн хүү Н.Анхбаяр байна.