| | USD/MNT 0₮
Өнөөдөр Монгол Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин БНСУ-аас суугаа Элчин сайд Ли Ё Хун, КОЙКА байгууллагын Суурин төлөөлөгч Жу Хэйн Нан нарыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Шадар сайд Монгол улс, БНСУ-ын харилцаа “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд бүхий л салбарт өргөжин хөгжиж, энэ онд 30 жилийн ойтойгоо золгож байгаад баяртайгаа буйгаа илэрхийлсэн.
Улмаар хоёр орны КОВИД-19 халдварын нөхцөл байдал, хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл солилцсон юм.
Элчин сайд Ли Ё Хун “Монгол улс дэлхийд КОВИД-19 халдвар авсан хүний тоогоор дэлхийн хамгийн бага оронд тооцогдох байх. Ялангуяа Орос-Хятад хоёр гүрний дунд байдаг ч халдварын тохиолдол бага байгаа нь яалт ч үгүй Засгийн газар, Улсын Онцгой комиссын хэрэгжүүлж буй арга хэмжээний үр дүн гэж харж байна. Энэ 6 сард Монгол Улсад сонгууль болно. Манай улсын парламентын сонгууль өнгөрөгч 4 дүгээр сард болсон. Солонгос улсад сонгуультай холбоотой КОВИД-19 халдварын тоо нэмэгдэж гараагүй. Бид бүх зүйл ил тод байх ёстой гэсэн зарчмыг л баримталсан” хэмээн онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Элчин сайдын зүгээс энэ сарын 17, 18-нд Сөүл-Улаанбаатарын чиглэлд үйлдэх захиалгат нислэгийн талаар хөндсөн юм. Тэрээр “Манай улсад 35 мянган Монгол улсын иргэн ажиллаж амьдарч байна. Үүн дотор хууль бусаар оршин суугаа иргэд их байгаа тул дээрх хоёр нислэгт эдгээр хууль бусаар оршин сууж байгаа иргэдийг тодорхой хэмжээгээр хамруулж өгөхийг хүсье” гэлээ.
Монгол Улсын Шадар сайд Ноён Элчин сайдад Монголын төр засгийн авч хэрэгжүүлж буй үйл ажиллагааг өндөрөөр үнэлсэнд талархал илэрхийллээ.
Тэрээр “Бурхны авралаар, Олон улсын байгууллагуудын дэмжлэгтэйгээр Монгол улс өнөөдрийг хүртэл дотооддоо халдвар алдаагүй байна. Гэхдээ тайвшрах шалтгаан огтхон ч байхгүй. Манай улс олон мянган иргэнээ татан авч байна. Төдий хэрээр эрсдэл өндөр болно гэсэн үг. Сонгуулийн үеэр хөл хөдөлгөөн нэмэгддэг. Үүнээс би санаа зовж байна. Ялангуяа залуучуудын дунд эрсдэл өндөр байна. Тиймээс бид сая сонгуулийн үеэр дагаж мөрдөх журам гаргалаа. Тухайлбал уулзалтад оролцогчдын хоорондын зай 1.5 метр байх ёстой зэргийг зааж өгсөн. Энэ журмыг гаргахдаа Солонгос улсын парламентын сонгуулиас ихээхэн туршлага судалж тусгасан” гэлээ.
Өнөөдрийн уулзалтын үеэр БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газраас 35 мянган ам.долларын үнэ бүхий эд материалыг Улсын Онцгой комисст хандивлаж, хандивын бичигт гарын үсэг зурлаа.
Тодруулбал, КОВИД-19 халдвараас урьдчилан сэргийлэхэд нэн шаардлагатай эд материал болох 1000 ширхэг нэг удаагийн хамгаалах хувцас, 1000 ширхэг нүдний шил, 100 ширхэг усны гутал, 1000 ширхэг автомакс ариутгагч зэрэг багтжээ.
Ташрамд дурдахад, өнөөдрийн байдлаар БНСУ-д КОВИД-19 халдварын бүртгэгдсэн 11,579 тохиолдол, нас барсан 273 тохиолдол байгаа бол 10,446 хүн эдгэрсэн мэдээлэл байна гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.