| | USD/MNT 0₮

Ханталст компанид газар эзэмших зөвшөөрөл олгосон дарга асан Э.Бат-Үүлд хариуцлага хүлээлгэх ёстой

Харамсалтайгаар амиа алдсан өсвөр насны дөрвөн хүүхдийн хэрэгт хэн буруутай вэ, хэн хариуцлага хүлээх ёстой вэ гэсэн асуудал хоёр өдрийн турш бичигдэж яригдав.

Тодруулбал, энэ сарын 27-нд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ойролцоох усан толионд  өсвөр насны дөрвөн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэргийн буруутан хэн бэ.

Тухайн газар газар эзэмших болон “Ханталст” компанид хэн зөвшөөрөл өгсөн бэ. Хэрвээ “Ханталст” зөвшөөрөл авсан хугацаанаасаа хойш хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдөр дөрвөн хүүхдийн амь эрсдэхгүй байх байсан.

Манайхан болсон хойно ниргэсэн хойно нь хашгирдагийн үлгэрээр хэн нэгэн рүүгээ буруугаа чихэж, булхайгаа далдлах гэж оролдож байна.

Энэ харамсалтай хэрэгт ҮЦХ-ийн дарга С.Эрдэнэтуулаар туг тахиад өнгөрчих юм биш биз дээ.

Хамгийн гол нь Ханталс компанид газар эзэмших, газар ашиглах зөвшөөрөл олгосон хотын удирдлагууд буруутай.

Тодруулбал,  хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн 2014 онд 01/2129 дугаартай захирамж гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га-г “Ханталст” ХХК-д олгожээ. Тэгвэл энэхүү захирамж хууль бус болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа хийсэн хяналт шалгалтаараа тогтоосон байна.

Энэ тухайд тус газрын дарга Л.Эрдэнэчулуун тэрбээр “Ханталст компанид олгосон газар ашиглуулах тухай захирамж хууль зөрчиж байгааг хяналт шалгалтаар илрүүлж, 84 хуудастай албан шаардлага хүргүүлсэн. Тус компани ажил хийх зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан тул зогсоохыг шаардсан мэдэгдэл хоёр ч удаа өгсөн” гэв.

Мөн “Ханталст” компани Газрын тухай хууль, Барилгын тухай болон Ойн тухай зэрэг хуулийг зөрчин үйл ажиллагаа явуулж байсныг нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газраас тогтоожээ.

Гэтэл Хотын дарга асан Э.Бат-Үүл газар ашиглуулах зөвшөөрөл олгосон захирамждаа “Газрын тухай хуульд заасны дагуу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” НӨҮГ-ын эзэмшилд олгосон 973 га газраас тус цэцэрлэгт хүрээлэнгийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан наран шарлагын цогцолборын төслийг хэрэгжүүлэх зорилгоор 3.36 га газрыг “Ханталст” ХХК-д ашиглуулахыг зөвшөөрч байна” хэмээн дурджээ.

Энэ дагуу тус компани тухайн газарт Наран шарлагын газар буюу эргийн тохижилт хийж байсан бөгөөд ингэхдээ аюулгүй байдлаа бүрэн хангаагүй, хүүхэд амь насаа алдахаас сэргийлэх арга хэмжээ огт аваагүй байна.

Холбогдох байгууллагууд удаа дараа шалгалт хийж, үүрэг даалгавар өгөхийн зэрэгцээ өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан тухайн компнийн тохижилтын ажилтай танилцаж, үйл ажиллагааг нь зогсоох шийдвэр ч гаргасан байна.

Гэсэн ч “Ханталст” компани мэргэжлийн байгууллага болон Хотын удирдлагын шийдвэрийг үл тоож, дур мэдэн үйл ажиллагаа явуулж, эцэст дөрвөн хүүхдийн аминд хүрлээ.

Тэгвэл тухайн үед хотын даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргаж, хамаарал бүхий этгээдийнхээ компанид газар ашиглах зөвшөөрөл олгосон байна.

Нам болон ашиг сонирхол харж нэгэндээ газар эзэмших зөвшөөрөл олгож, өнгөрсөн хугацаанд бүтээн байгуулалт хийгээгүй, хайхрамжгүй хаяснаас болж хүүхдүүд эндсэн энэ эмгэнэлт хэрэгт Хэнтий аймгаас нэр дэвших бэлтгэлээ базаагаад явж байгаа хотын дарга асан Э.Бат-Үүлийг хариуцлага хүлээж, талийгаач хүүхдүүдийн ар гэрийнхнээс уучлалт гуйж, эмгэнэл илэрхийлэхийг шаардаж байна.

 

Хотын дарга асан Э.Бат-Үүл өнгөрсөн 2014 онд 01/2129 дугаартай захирамж гаргаж, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газраас 3.36 га-г “Ханталст” ХХК-д олгожээ. Тэгвэл энэхүү захирамж хууль бус болохыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд удаа дараа хийсэн хяналт шалгалтаараа тогтоосон байна.
Улс төр

Сэтгэгдэл (9)

Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд Asu.mn хариуцлага хүлээхгүй.